Эгэл ардад хатуу шийдвэр "томчуудад" үйлчилдэггүйн нэгэн жишээ


Ард иргэд нь төрийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлдэг, харин "төрчид" нь өөрсдөө шийдвэрээ зөрчиж, түмний дургүйцлийг хүргэдэг явдал цөөнгүй гардаг. 
Сар шинийн баяр тэмдэглэхийг хориглож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеэр манай төрийн тэргүүн, түшээдээс золголт хийсэн сурагтай. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бүр холын Ховд нутгаа зорьж зарим сумдын өндөр настнуудтай золгосон гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлснийг эх сурвалж болгон мэдээлсэн хэвлэлийн мэдээ одоо ч цахим орчинд баримт болон үлджээ. Тэрбээр гарах, орох хөдөлгөөн хязгаарласан Ховд аймгийн Засаг даргын 2-р сарын 8-ны өдрийн А/62 тоот захирамжийг болон УОК-ын шийдвэрийг зөрчсөн байж болзошгүй талаар, гэрийн тусгаарлалтад байх иргэдийн тоонд бүртгүүлэн найм хоногийн дараа ийнхүү золголт хийж явсныг isee.mn сайт зурагтай нь мэдээлсэн байдаг юм.

Илчлэлгүй нуусан хэчнээн "томчууд" хаагуур сэлгүүцсэнийг хэн мэдлээ.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн хөл хорионы үеэр Яармагт ээждээ очиж золгохоор иржээ гэсэн иргэний мэдээлэлд олон нийт нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Ерөнхийлөгчид дэглэм үйлчилсэнгүй, Монгол Улсын иргэн бүрт хууль, тогтоол тэгш үйлчлэх ёстой гэсэн байр суурийг цөөнгүй хүн илэрхийлсэн харагдана лээ.

Нэгэнт төр засгаас шийдвэр гаргаж, дүрэм журам тогтоосон бол энэ улсын иргэн бүр тэгш эрхтэйгээр үүргээ биелүүлж, зөрчсөн бол ижил хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг шударга зарчмыг олон нийт нэхдэг ч үр дүнгүй сарнидаг. Төрийн шийдвэр тэгш үйлчилдэггүйн нэгэн жишээг сар шинийн хөл хорионы үеийн төрийн "харчууд"-ын үйлдлээр цухас дурдлаа. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.