АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МоАХ-ы дарга Х.Баттулга нар өнөөдөр Төрийн ордонд мэдэгдэл хийлээ.
З.Энхболд энэ үеэр: "Энэ сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах шаардлагатай гэдэг хамгийн наад захын баримтыг үзүүлье. Дархан-Уул аймагт нэг хүн хоёр удаа санал өгсөн байна. Манай бүртгэлийн байгууллага тэр хүнд хоёр удаа санал өгөх боломж олгосон байна. Намуудын ажиглагч нар энэ талаар гомдол гаргасан байсан. Гомдолд утгагүй хариулт өгсөн байсан.
Энэ юу харуулж байна вэ гэхээр сонгуулийг дээрээс нь будлиантуулсан байна. Бүх тойрог буюу 76 тойрог дээр нарийн шалгалт хийлгүйгээр чуулган хуралдуулах нь хууль бус гэдгийг дахин хэлмээр байна. Дахин нэг факт илэрлээ.
Манай ихэнх нэр дэвшигчид 60 орчим хувьтай ялж байгаад үдээс хойш гэнэт ялагдсан. Энэ бүгдийг нягталж шалгалгүйгээр чуулган хуралдуулах гэж байгаа бол туйлын харамсалтай байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэрэг.
Зөвшилцөл хийгдээгүй. Н.Энхбаяр бид хоёрт бичиг ирсэнгүй." гэв.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр : Намайг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг СЕХ хууль бусаар гаргасанаас эхлэн сонгууль будлиантуулах нь тодорхой болсон. Сонгуулийн төгсгөлийн үед МАН 60 тэрбум төгрөгөөр албан тушаал худалдаж санхүүжилт босгож байгаа талаар мэдээлэл дэлгэгдээд байхад хууль хяналтын байгууллага шалгаагүй.
Сонгуульд үнэхээр шударга санал өгсөн, шударгаар өрсөлдсөн нэр дэвшигчиддээ баярлалаа. Гэхдээ луйвар булхайн асуудал илүү их байлаа. АН-ын нэр хүнд унасан байж болно. Гэхдээ ийм хэмжээнд ортол унаагүй гэж би бодож байна. Манай нам ч гэсэн нэг суудал автлаа дор орсон нэр хүндтэй биш. МАН-д 65 суудал авах нэр хүнд байхгүй.
Энэ бүх луйвар булхайн ард МАН байгаа нь харагдаж байна. Чуулган зарлахаас өмнө энэ бүх луйвар булхайг шалгаж, гар бие оролцсон хүмүүсийг шалгаж хариуцлага тооцож ёстой. Тийм учраас бид хоёр одоо Ц.Элбэгдорж дээр орно. Ц.Элбэгдорж хууль бус зарлиг гаргаж, дэмжиж байгаа бол түүнийг энэ луйвар булхайг зохион байгуулж байна гэж хардах үндэслэл болно" хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга : Царцаа гэгчтэй холбоотой мэдээлэл өгье. Хөвсгөл, Увс, Баянхонгор аймагт маш их хэмжээний царцаа очсон . Өчигдөр Баянхонгор аймагт шүүхийн шийдвэр гарч, үүнийг нотоллоо. Энэ удаагийн сонгууль бол зохион байгуулалттай, хүчний бүх байгууллагуудыг оролцуулсан сонгууль болсон. Сонгууль гэдэг нэрээр төрийн эргэлт хийлээ гэж дүгнэж байна" гэв.
АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга н.Энхбаяр нар одоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах, УИХ-ын анхдугаар чуулганыг хойшлуулах төлөвлөгөөтэй байсан бөгөөд тэднийг цаг хожих буюу тодорхой асуудлаар шинэ эрх баригчидтай тохиролцоонд хүрэхээр зорьж байж ч болохыг эх сурвалжууд нотолж байсан юм.
Харамсалтай нь Ерөнхийлөгч тэднийг хүлээж авалгүй, УИХ-ын анхдугаар чуулган цагтаа эхэлснээр тэдний хүсэл талаар боллоо.
П.Мандах
Сэтгэгдэл