"Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож өнгөрсөн онд багагүй дуулиан тарьж байв. Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн өмнөхөн уг хэрэг мандаж, түүний эхнэр хүчирхийллийн талаар ноцтой баримтуудыг олон нийтийн сүлжээнд дэлгэж байлаа. Тэгвэл уг хэрэг хуулийн байгууллага дээр замхарч, Д.Сүндий цагдаа нар авлига өгсөн асуудал үргэлжлэн дэгдсэн. Харин хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байгаа юм.
Хэргийн явцын талаар Өнөөдөр сонинд нийтлэгдсэнээр бол АТГ-аас Д.Сүндий болон түүний ажиллуулдаг компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Баттөгс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарыг шалгасан байдаг аж. Шалгалтаар цагдаагийн ажилтнууд Д.Сүндийгээс авлига авч, түүнлд холбогдох, бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийг нь хаасан гэдгийг тогтоожээ.
Улмаар уг хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны дөрөвдүгээр сард Д.Сүндийтэй хамт ажиллаж байсан Д.Баттөгс гэх эр 20 сая төгрөг захирлаасаа авч, хэргийг нь түүнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр болж буйгаа хэлсэн байна. Үүнийгээ ч мөрдөн байцаалтын явцад үнэн, зөвөөр мэдүүлсээр иржээ. Улмаар уг мөнгөнийхөө 10 саяыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд, тавыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавт өгч, үлдсэн таван сая төгрөгийг нь өөртөө байлгаж байгаад үрж дуусгасан гэсэн гэнэ. Хахууль авч, хэргийг нь "цавчиж” өгсөн цагдаагийн хоёр алба хаагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал ч НПГ-ын хяналтын прокуророор дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан аж.
НПГ-аас "Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан "Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин Д.Баттөгсийг дээрх зүйл заалтаас гадна Д.Сүндийгээс хахууль авсан, түүнийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж. Тэднээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд дээрх хоёр хүнээс хахууль авснаас гадна бусдад мөнгө өгсөн, мөн Эрүүгийн хуулийн 21.1-2 дахь хэсгийн "Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, засварласан, өөрчилсөн хэргийг хууль сахиулагч үйлдсэн” хэмээн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн юм. Харин Д.Сүндийд холбогдох хэргийг шалгаж байсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавыг хахууль авч, нотлох баримт устгаж, өөрчилсөн хэрэгт хамтран оролцсон гэж буруутгажээ.
Хахууль авч, нотлох баримт устгаж, өөрчилсөн хэрэгт холбогдсон цагдаагийн хоёр офицер гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хурдан шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч, прокуророор дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядагт хандсан юм билээ. Харин Д.Сүндий, Д.Баттөгс нарын өмгөөлөгч гурван хүн хэргийг дахин шалгуулах саналаа дээрх шүүгчид илэрхийлсэн байна. Улмаар 2020 оны аравдугаар сарын 26-нд Д.Сүндий, Д.Баттөгс, Т.Батсайхан, Г.Даваажав нарт холбогдох 1941000680219 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж шүүгч С.Сэржмядаг гаргасан юм. Үүнийг нь эсэргүүцэн НПГ-аас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг тус шүүх энэ оны нэгдүгээр сарын 28-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан тухай хэвлэлд онцолжээ.
Харин эдүгээ уг хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдээгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, тухайн үйлдэл нь баримтаар тогтоогдсон, гэвч хахууль авч хэргийг хаасан цагдаа нарын үйлдэл тодорхой болоод жил орчмын хугацаа өнгөрч байгаа ч эдүгээ хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.
Сэтгэгдэл