Монгол Улсын Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар Соёл, урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр энэ сарын 1-ний өдрөөс эхлэн нээх шийдвэр гаргасан.
Засгийн газрын дээрх шийдвэртэй холбогдуулан Соёлын яам арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” хэмээн зарлаж, сарын турш 150 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ.
Иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэхээс гадна Соёлын яамны бодлого үйл ажиллагааг бусад төрийн байгууллагын бодлоготой нийцүүлж, уялдуулах нь салбарын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд энэ долоо хоногийн турш Соёлын яам салбар хоорондын хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр “Бүтээлч хот Улаанбаатар” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтаар, Соёлын яамны бодлого соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг нийслэл хотын хөгжлийн дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй уялдуулан тусгах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцлаа.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд төрийн байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авч байгаа энэ цаг үед зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Уулзалтаар соёл, бүтээлч байдал, соёлын үйлдвэрлэл нь нийслэл хотын нийгэм, эдийн засагт хэрхэн үр дүнгээ өгөх вэ гэдэг асуудлыг хөндөж соёл, бүтээлч үйлдвэрлэлийн оролцогч талуудын сайн туршлагаас танилцуулж, соёлын салбарын төлөөллийн бүтээлч санаачлага, дуу хоолой, бодлогын оновчтой хувилбарыг хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгах асуудлыг хэлэлцлээ.
Зөвлөлдөх уулзалтад, Соёлын яам, Нийслэлийн Соёл урлагийн газрын төлөөлөл, салбарын эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, соёлын ажилтнууд болон Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар, Хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний газар, Газар зохион байгуулалтын алба, 9 дүүргийн салбар хариуцсан орлогч дарга нар болон ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцлоо.
Сэтгэгдэл