Хюго ба Росс Тюрнер нэртэй ихэр ах дүүс нь Британийн хамгийн алдартай блоггеруудын нэг гэж тооцогддог. Ингээд тэд шинэ контентын санаа болгож, өөрсдийн биеийн төстэй байдал дээр тулгуурлан хоёр эрс ялгаатай хоолны дэглэмийн аль нь үр дүнтэй болохыг туршихаар шийджээ. Ихрүүдийн нэг нь махыг түлхүү хэрэглэдэг "карнивор" дэглэмийг барих бол нөгөө нь мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүнүүдээс татгалздаг "веган" дэглэмийг барихаар болжээ.
Энэхүү туршилтыг тэд эмчийн хяналтан доор 12 долоо хоногийн турш үргэлжлүүлэхээр болсон аж. Мэдээж тэд ихрүүд учраас гадаад төрх нь адилхан, биеийн жин нь мөн яг ижил буюу хоёулаа 84 кг, тэр ч байтугай бие дэх өөхийн хэмжээ нь тэнцүү 13 хувь, амьдралын хэв маяг нь ч бас төстэй байжээ. Тиймээс эмч нар уг туршилтыг маш хялбар үргэлжилнэ гэж үзжээ.
Ихрүүд аль дэглэмийг сонгох болохоо сугалаа сугалан шийджээ. Ингээд "азгүйтсэн" Хюгогийн хувьд веган дэглэм барихаар болсон юм.
Тэрээр эхэн үедээ маш их жин хаясан ч яваандаа түүний жин эргэн хэвийн хэмжээндээ очсон байна. Эцсийн үр дүн гэвэл түүний жин 82.1 кг дээр тогтож, биеийн өөх нь 12 хувь болон буурчээ.
Энэхүү дэглэмийн үр дүнд Хюгогийн гэдсэн дэх ашигтай бактерийн хэмжээ нэмэгдэж, чихрийн шижин өвчний эрсдэл буурснаас гадна цусан дахь холестерины хэмжээ нь бас эрс буурсныг эмч нар онцолжээ. Гэвч ходоодны шархлаагаар өвчлөх магадлал нь нэмэгдсэн аж.
Харин нөгөө талд Росс 12 долоо хоногийн турш бүхий л төрлийн махыг их хэмжээгээр иджээ. Үүний үр дүнд тэрээр хоёр кг нэмж 86кг жинтэй болсны зэрэгцээ биеийн өөх нь 15 хувь болтол нэмэгджээ. Сонирхолтой нь түүний цусан дахь холестерол, гэдсэн дэх ашигтай бактерийн хэмжээ өмнөхтэй нь ижил түвшинд байсан байна.
Ихрүүдийн боловсруулах хоолны төрөл өөр байсан ч идэх хэмжээ нь яг ижилхэн байсныг бас дурдах хэрэгтэй. Мөн дэглэмийн үед хийсэн хөдөлгөөн нь бас тэнцүү байсан гэнэ.
Тэгэхээр туршилтын эцсийн дүгнэлт гэвэл хүн өөрийн биед тохирсон хүнсийг хэрэглэх нь зөв бөгөөд үүнд тухайн хүний сэтгэл санаа, биеийн галбир, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх хэрэгтэй аж.
Хамгийн чухал нь ямар нэгэн хоолны дэглэмийг судалгаагүйгээр яаран эхлүүлэхийн оронд одоо идэж буй хоолоо зөв зохистой төрөлжүүлэн хэрэглэх нь зөв болохыг эмч нар анхааруулжээ.
Сэтгэгдэл