Европын Холбоонд/ЕХ/“COVID-19”-ийн вакцинжуулалтыг эхлүүлснээс хойш нэг жилийн дараах байдлаар нийт хүн амын гуравны хоёр гаруй нь буюу 67.8 хувь нь вакцинд бүрэн хамрагдсаныг Европын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв/ECDC/даваа гарагт мэдээллээ. Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ЕХ-ны орнуудад 710 сая тун вакцин тарьж, холбооны 450 сая орчим хүн амын 303 сая нь бүрэн тунд хамрагджээ. Мөн 327 сая хүн буюу хүн амын 72.2 хувь нь вакцины дор хаяж нэг тунг тариулсан бол ойролцоогоор 104 сая/23 орчим хувь/хүн нэмэлт тунд хамрагджээ.
ЕХ-ны орнуудыг вакцинжуулалтын түвшнээр нь авч үзвэл, хүн амынх нь 83 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан Дани нэгдүгээрт бичигдэж байгаа бол түүний араас Португал/82.2 хувь/, Мальта/82 хувь/, Ирланд/77 хувь/, Бельги/76.1 хувь/, Испани/74.9 хувь/удаалж байна. Харин эсрэгээрээ Зүүн Европын орнуудад вакцинжуулалтын үзүүлэлт харьцангуй доогуур байна. Тухайлбал, Болгарт 27.1 хувь, Румынд 40.1 хувь, Словакт 47.4 хувь, Хорватад 51.7 хувьтай байна.
ЕХ-нд “COVID-19”-ийн таван вакцинд зөвшөөрөл олгон хэрэглэж байгаа нь “BioNTech-Pfizer”,“Moderna”,“AstraZeneca”, “Johnson and Johnson”, “Novavax” компанийн вакцинууд юм. Эдгээрээс “Novavax” вакцин хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт холбогдох зөвшөөрлийг авсан билээ. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, “COVID-19” цар тахал 2019 оны 12 дугаар сард дэгдэж эхэлснээс хойш дэлхий даяар 280 сая гаруй тохиолдол илэрч, 5.4 сая гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл