Өнөөдөр BlackBerry гар утасны сүүлчийн өдөр


 

 

Өнөөдөр BlackBerry гар утасны сүүлчийн өдөр
 

 

Ухаалаг гар утасны эрин эхлэхээс өмнө дэлхийн зах зээлд амжилттай тоглогч байсан BlackBerry брэндийн гар утасны хувьд өнөөдөр амьдралынх нь сүүлчийн өдөр болж байна.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр BlackBerry компаниас гаргасан мэдэгдлийн дагуу өнөөдрөөс эхлэн тус брэндийн Андроид үйлдлийн системтэйгээс бусад бүх гар утаснууд найдвартай ажиллах баталгаагүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл системийнх нь ажиллагааг хариуцах эзэнгүй болж, хаягдаж байна гэсэн үг.

"Энэ өдрөөс эхлэн уламжлалт программ, үйлчилгээнүүд суурилагдсан гар утаснуудын дата, SMS, дуудлага зэрэг бүх функцүүд найдвартай ажиллах баталгаагүй болж буйг мэдэгдэж байна” гэж тус компаниас зарлажээ.

Бүрэн товчлуур бүхий гар, нууцлал сайтай BBM мессенжэрээр ялгардаг Blackberry брэнд нэг үе дэлхийн гар утасны зах зээлийн хүчтэй тоглогч байсан юм.

2000-аад оны эхний 10 жилд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагаас эхлээд улс төр, бизнесийн томчуудын хэрэглэдэг гар утас Blackberry байв.

2009-2010 онуудад Blackberry дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 20 орчим хувийг эзэлж, жил бүр 50 сая ширхгийг борлуулдаг байжээ.

Гэвч iPhone, Android зэрэг товчлуургүй гар утаснууд зах зээлд гарч ирснээр Blackberry эргэлт буцалтгүй уналтад орсон юм.

2007 онд зах зээлд анх гарсан iPhone эхний жилүүддээ Blackberry-гийн байр суурийг эзэлж чадахгүй байсан ч сүүлд iPhone 4 загвараас эхлээд борлуулалтаараа түрүүлэх болжээ.

2016 онд Blackberry компани гар утасны үйлдвэрлэлээ өөр компанид шилжүүлж, зөвхөн программ хангамж үйлдвэрлэлд төвлөрөх болсон юм.

Өнөөдөр тус компани байгууллагуудад зориулсан энтерпрайз программ хангамж, кибер аюулгүй байдлын компани болж хувираад байна.

Харин гар утасны үйлдлийн системээ үргэлжлүүлэн хөгжүүлэхгүй болжээ. Гол онцлог нь болох бүрэн товчлууртай гар нэгэнт хэрэглээнээс хасагдсан тул үйлдлийн системийн хөгжүүлэлт зогссоноор Blackberry брэнд хувьд төгсгөл болж байна.

Эх сурвалж: The guardian

 


 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.