Шинэ бүтээл, оновчтой саналын зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн оюуны хөдөлмөрийг үнэлэх тухай анхны эрх зүйн баримт бичиг "Шинэ юм зохион олох ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар” нэртэйгээр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдаж байжээ.
Уг түүхэн баримт бичгийн гол агуулга нь шинэ юм, оновчтой санал сэдсэн хүмүүст мөнгөн урамшуулал олгох, ингэхдээ түүнийг үйлдвэрлэлд ашигласны хэмнэлттэй уялдуулан зохиогчид олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай байв.
Улмаар шинэ бүтээл, оновчтой саналыг бүртгэх, зохиогчид эрхийн баримт бичиг шийтгэн олгох, үйлдвэрлэлд ашиглах, дэлгэрүүлэх асуудлыг зохицуулсан байсан. Энэхүү зохицуулалтын үндсэн зарчим оюуны өмчийн эрх зүйн харилцаа, хууль тогтоомжид хадгалагдан өнөөдрийг хүрсэн бөгөөд Улсын Их Хурлаас 2020-2021 онд Оюуны өмчийн тухай анхдагч хуулийг батлан гаргаж, оюуны өмчийн хууль тогтоомжийг шинэчлэн хүний бүтээлч үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон оюуны өмчийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр эрх зүйн орчин боловсронгуй болгосон билээ.
Оюуны өмчийг хамгаалах, зохих ёсоор үнэлэх нь эдийн засгийн төдийгүй нийгэм, соёлын хөгжилд нэн чухал ач холбогдолтой болохыг дэлхийн улс орнуудын хөгжлийн жишээ харуулж байна. Монгол Улсын төр засаг оюуны өмчийг хамгаалах, зохиогч, шинийг санаачлагчийг дэмжин урамшуулах чиглэлд онцгой анхаарал хандуулж ирсэн бөгөөд 190 гаруй хүнд Монгол Улсын шилдэг зохион бүтээгч шагналыг олгосон байдаг бол Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас Монгол Улсын 20 орчим шилдэг зохион зохион бүтээгчид Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль олгосон байдаг.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан нийт шинийг зохион бүтээгч, зохиогч, эрх эзэмшигч, улс орны соёл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээлэгчид та бүхэндээ эрүүл энхийг хүсье.
ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР
Сэтгэгдэл