"Bravo circus" шоуны талаар өнөөдөр Монголын циркчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Хэдийгээр циркчид өөрсдийн гэсэн алтан тайзгүй болсон ч хүүхэд багачууд, ард түмэндээ өөрсдийн бүхий л боломжоороо энэ урлагийн гайхамшгийг мэдрүүлэхийг хичээн ажиллаж байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ бол тун удахгүй болох "Bravo circus" шоу юм.
Циркийн урлаг монголчуудад үгүйлэгдэж буй яг энэ цаг үед циркийн уран бүтээлийн хамтлагууд нийлж "Bravo circus" нэгдлийг байгуулан, олон улсын циркийг толилуулахад бэлэн болжээ. "Bravo circus" нэгдэлд Монголын шинэ цирк төв буюу тус төвийн захирал циркийн найруулагч УГЗ н.Зоригт ерөнхий найруулагчаар, Монгол циркус энтертайнментын захирал н.Ариунболд ерөнхий менежерээр, Монголын циркчдийн холбооны тэргүүн, Хадага циркусийн захирал УГЗ Ч.Хатанбаатар продюсераар тус тус ажиллаж байна.
Энэ удаагийн шоунд Казакстан, ОХУ, Узбекстан, Япон, Вьетнам, Африкын Гана зэрэг 10-аад орны циркийн сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.
"Bravo circus" нэгдлийн өнөөдрийн гол зорилго бол сүүлийн 10 орчим жил монголчууд циркийн урлагаас хөндийрсөн тул Монгол бөхийн өргөөнд циркийн орчныг бүрдүүлэхээр хичээж ажилласан гэдгийг мэдээлэлд онцлон дурдлаа. Зориулалтын бус объектыг хүүхэд багачуудад аль болох циркийн бүрэн мэдрэмж өгөхөөр тохижуулан засахад хүндрэлтэй хэдий ч бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажилласан аж.
Тус шоу нь энэ сарын 21-30-ны өдрүүдэд тоглогдоно.
1990 оноос өмнө жилд 2 удаа олон улсын циркчдийн тоглолт болдог байжээ. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртэл ерөнхийдөө Монголд цирк нэлээд цөөхөн тоглогдсон бол энэ жилээс Монголын циркчдийн холбоо болон уран бүтээлийн нэгдлүүд хамтран жил бүр олон улсын циркийг авчрахаар төлөвлөн ажиллаж эхлээд байгаа юм байна.
"Bravo circus" нэгдлийн хамт олон "Bravo circus" шоу эхлэхэд 3 хоног үлдлээ.
Сэтгэгдэл