Монгол Улсад байгаль орчны салбарын хуулиудын хэрэгжилт газар дээр маш муу байгаагийн нэг тод жишээ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаагаар сүүлийн 6 жилийн байдлаар нийт 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулсан явдал харуулж байна. Энэ нь алдагдсан боломжийн өртгөө тооцвол 200 орчим тэрбум төгрөг буюу 160,000 га талбай буюу 300 орчим сая мод ургуулах боломжит төсөв зориулалтын дагуу бус зарцуулагдсан гэсэн үг юм.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөр төлж, энэ орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд хамгийн багадаа зарцуулах хувь хэмжээг тогтоож биелүүлэх үүргийг тухайн орон нутгийн удирдлагууд хүлээдэг.
Гэтэл судалгааны тайлангаас харахад батлагдаад 10 жил болсон ч тус хуулийн хэрэгжилт гэх зүйл байхгүй бөгөөд нөөц ашигласны төлбөр жил бүр нэмэгдэж байгаа ч эргээд байгалиа сэргээх, ан амьтан ургамлаа сэргээхэд зарцуулах хамгийн доод хэмжээндээ ч хүрэхгүй жилээс жилд буурсаар байгаа харамсалтай дүр зураг харагдаж байна.
Иймээс Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс 2023 оны оны төсвийн тодотгол явагдаж буй тус өдрүүдэд 21 аймаг болон нийслэлийн удирдлагуудад сануулга болгож хуулиа хэрэгжүүлэхийг шаардан мэдэгдэл явуулж байгаа бол байгалийн нөөцийн төлбөрт 1,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ч эргэн нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд аудитаар илэрсэн зөрчлөө засалгүй удаа дараа ноцтой зөрчил үүсгэж буй Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Баюуржанд холбогдох Үндсэн хуулийн 6.1, 6.2, 59.2 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.1.1, 16.2.2, 17.1.1, 17.2.8 дахь заалт, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5.10, 50.1, 59.1.13 дэх заалт, Төсвийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тухай хууль, ЗГ-ын 2022 оны 2 тогтоолоор шинэчлэн баталсан "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-н хэрэгжилтүүдийг тус тус зөрчсөн тул хуулийн дагуу хариуцлага тооцохыг МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, хууль хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгохоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хууль зөрчсөн 21 аймаг болон нийслэлийн удирдлагуудыг гүйцэтгэлээр нь авч үзвэл эхний 5 байранд дараах аймгууд орсон байна.
Хууль зөрчигч аймгийн удирдлагууд
1 Баян-Өлгий аймгийн ЗД Д.Бауюржан хамгийн доод дүнгээр 590,708,911 зарцуулахаас 0₮ (0%)
2 Сэлэнгэ аймгийн ЗД Н.Лхагвадорж 5,427,096,926₮ зарцуулахаас 339,068,829₮ (6%)
3 Баянхонгор аймгийн ЗД Д.Мөнхсайхан хамгийн доод дүнгээр 926,012,536₮ 70,845,040₮ (8%)
4 Улаанбаатар Д.Сумьяабазар хамгийн доод дүнгээр 7,766,111,101 зарцуулахаас 803,251,980₮ (10%)
5 Хэнтий аймгийн ЗД Ц.Чогсонжав хамгийн доод дүнгээр 2,792,374,785₮ зарцуулахаас 319,883,800 (11%)
https://www.sonin.mn/news/crime/134104
Сэтгэгдэл