Өнгөрөгч шөнө Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг саатуулсан байна. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулна гэдгийг ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрээр "Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, "Улаанбаатар төмөр зам"-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөг хураан авсан. Иргэн Б-г 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Б нь УБТЗ-д олон жил ажиллаж байсан. Одоогийн хашиж буй албан тушаал нь тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн.
Ерөнхий сайд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр маш тодорхой зүйлүүдийг хэлсэн. Нүүрсний хулгай бол мөсөн уулын нэг хэсэгхэн орой. Бүх салбарт байгаа авлига, албан тушаалын асуудлуудтай Засгийн газар ямар нэгэн эргэлзээгүйгээр тэмцлээ цааш үргэлжлүүлж байна. Ерөнхий сайд бас нэг зүйлийг хэлсэн. Энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураараа өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ чиглэлээр үргэлжлүүлж тодорхой ажил хийж байгаа" гэв.
Сэтгэгдэл