Согтуурсан үедээ автомашин жолоодож улмаар шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халджээ


 

 

Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Согтуу жолооч машинаа хөдөлгөөд байна" гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шалгахад Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлд Цагдаагийн хэлтэс дээр очиж шалгуулах шаардлага тавихад хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлэн цагдаагийн алба хаагчид халдсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлүүдэд Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн болон хоёрдугаар хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.


Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Жолооч: 3.1 Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна,

Зөрчлийн тухай хуулийн 15.2 зүйлийн 2 дахь хэсэгт Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа 2.1 Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан,


2.2 Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан,


2.3 Төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.