Явган хүний гарц хаасан, замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулсан ТҮЦ-ийг нүүлгэнэ


Явган хүний гарц хаасан, замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулсан ТҮЦ-ийг нүүлгэнэ

 

НИТХ-ын 2022 оны 34-р тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан. Уг журамд "Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй” гэж заажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болон ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгчээ. Энэ дагуу Баянзүрх дүүрэг энэ долоо хоногт ТҮЦ эрхлэгчидтэй уулзан, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан бол бусад дүүрэг худалдаа эрхлэх байршил тогтоон, нүүлгэх шаардлагатай ТҮЦ-үүдийн судалгааг гаргаж байгаа аж. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар нийт 1800 орчим түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) байна.Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй ч зарим ТҮЦ-ийг машин эргэх эргэлт дээр буюу явган хүний гарц хаан байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж байна. Ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна. Дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжинэ. Иймд дүүргүүдийн зүгээс аюулгүй байдал хангахгүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ эрхлэгчдэд бизнес эрхлэх боломжтой өөр байршил зааж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.