"Баавгай болохсон" уран сайхны киноны бяцхан жүжигчид Каннын кино наадмын улаан хивсний ёслолоор үндэсний дээлээ өмсч, чимэв. Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор сонгогдсон билээ.
П.Золжаргал нь Япон улсын Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 онд сургуулиа төгсөөд Монголд ирснээсээ хойш "Шат”, "Нүцгэн гэрэл”, "Yellow bus” зэрэг богино хэмжээний хэд хэдэн кино хийж, үзэгчдийн хүртээл болгосон төдийгүй "Шат” кино нь 38 дахь удаагийн Чикагогийн олон улсын хүүхдийн кино наадмын ТЭРГҮҮН шагналыг хүртэж, алдарт Оскарын шагналын богино хэмжээний киноны төрөлд "ENTRY” хийсэн амжилттай яваа залуу найруулагч юм. "Шат” киног хийхдээ Монголын Урлагийн Зөвлөл болон Австралийн "Бас стоп филмс” ТББ-тай хамтарсан бөгөөд уг төсөл нь оюуны хөгжлийн ялгаатай залууст кино хийх арга барилыг зааж өгөх, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллах боломж олгосноороо маш онцлог. Оюуны хөгжлийн ялгаатай 18 залуус кино хийх бүх үйл явцад оролцож, зургийн талбай дээр мэргэжлийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан юм. Энэ утгаараа Токиогийн Short Shorts Film Festival-аас 不可能を可能にする буюу "Боломжгүй зүйлийг боломжтой болгосон” хэмээх шагналыг хүртсэн байна.
Найруулагч П.Золжаргал өмнө нь киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй.
Физикийн шинжлэх ухаанд дуртай 15 настай хүүгийн тухай өгүүлэх тус кино өнөөгийн нийгэмд тулгамдаад буй маш олон асуудлыг хөнджээ.
"Баавгай болохсон" уран сайхны киног олон улсад түгээх, худалдах үйл ажиллагааг Франц улсын "Urban Sales" компани хариуцан ажиллахаар болжээ. Мөн Франц улс дахь дистрибюшн эрхийг "Eurozoom" эзэмшиж байгаа бөгөөд киноны пост продакшн Парис хотноо хийгджээ. Удахгүй Монгол улсдаа үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байгаа билээ.
Сэтгэгдэл