Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад булчин задрах тахал дэгдэж, олон хүн халдварын улмаас нас баржээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар МИР24 мэдээлсэн байна.
Тодруулбал, булчин задрах тахлын улмаас 22 хүн ӨАБНУ-д нас баржээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 21 хүн Гаутенг мужийн эмнэлэгт, нэг хүн Фри-Стейт мужид нас барсан байна. Фри-Стейт мужид өөр гурван хүн энэ өвчнөөр өвдсөн бол бусад мужид нийтдээ найман хүнээс булчин задрах тахал илэрсэн гэж ӨАБНУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Энд дуулгахад, холер буюу булчин задрах тахал дэлхий даяар тархах эрсдэл өндөр байгааг ДЭМБ энэ оны гуравдугаар сард анхааруулж байв.ДЭМБ-ын мэдээлснээр, он гарснаас хойш Зүүн-Өмнөд Африкт булчих задрах тахал өвчний дэгдэлт эрс нэмэгджээ. Мөн 2023 оны эхээр Замби, Зимбабве, Танзани, Өмнөд Африк болон Африк тивийн зүүн хэсэгт шинэ дэгдэлт бүртгэгдсэн байна.
Булчин задрах тахал нь нянгаар үүсгэгдэж, бөөлжих, суулгах шинж тэмдгээр илрэн богино хугацаанд ус эрдэсийн солилцооны хямралд хүргэдэг цочмог халдварт өвчин юм. Энэ өвчний халдвар агуулсан бохир эд зүйлс, өвчтөн, хүнс, ялаа, ус, усны амьтад, хүнсний ногоогоор дамжин халдварладаг байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549771
Сэтгэгдэл