КИЕВ. /Xinhua/. Украины хот, суурин, тосгоныг сэргээн босгох үйл хэргийг 60 орчим улс орон дэмжиж байна гэж Украины Ерөнхий сайд Денис Шмигаль лхагва гарагт мэдэгдсэнийг Засгийн газрын хэвлэлийн алба уламжилжээ.
Украиныг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага хурлын үеэр Д.Шмигаль мэдэгдэхдээ, суурин газрууд, бүс нутгуудыг сэргээн босгоход зохион байгуулалттай тусламж үзүүлэх санаачилгыг дэмжсэн тунхаглалд 30 орон хэдийнээ гарын үсэг зураад байна гэжээ.
Украин улс түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран 214 орчим төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд заримыг нь хэрэгжүүлж дууссныг тэрбээр онцолсон байна.
Энэ оны хоёрдугаар сарын 24-ний байдлаар, Украиныг сэргээн босгоход шаардлагатай санхүүжилтыг 411 тэрбум ам.доллар гэж тооцоолсныг Д.Шмигаль эш татаад, тус улсыг түргэн сэргээн босгоход энэ онд 14.1 тэрбум ам.долларт шаардлагатай байгааг нэмж хэлжээ.
Түүний хэлснээр, гадаадын түншүүд Украиныг түргэн сэргээн босгох үйлсэд хэдийнээ 4.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Украиныг сэргээн босгох асуудлаарх хоёр өдрийн бага хурал Их Британийн нийслэл Лондон хотноо лхагва гарагт эхэлсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл