Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн 41 газраас үеийн усны чанар, найрлагаас дээж авч шинжилсэн шинжилгээний дүгнэлт гарчээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан юм. Ажлын хэсгийнхэн долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ)-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж, голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс 2, нийт 41 сорьцийг зааврын дагуу авч, Усны газрын “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн, усны физик, химиийн шинжилгээг 8, бичил амь судлалын шинжилгээг 6 үзүүлэлтээр хийсэн байна.
Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус сул хүчиллэгээс сул шүлтлэг орчинтой (рН=5.9-8.4), эрдэсжилтийг тусгайлан тодорхойлоогүй тул цахилгаан дамжуулах чанар (EC)-ыг хэмжсэн үзүүлэлтээс тоймлон харахад ялимгүй эрдэсжилттэйгээс их эрдэсжилттэй (32.6.0-1851.0), бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ), шим бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд (NH4, NO2, NO3) ихтэй ус байна.
Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.
Бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 16.6%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 38.8%-д E coli, 16.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 6.25%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) тус тус илэрсэн бол тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрчээ.
Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцонд хийсэн химийн шинжилгээний дүнг MNS 4943:2015 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодисын агууламжаар стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин, нийт азотын агууламжаар 1.7 дахин, эрдэс фосфорын агууламжаар 1.4 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар 9.9 дахин тус тус хэтэрсэн агууламжтай байгаа бол ТЦБ-ын цэвэрлэгээний түвшин тухайн сорьц авсан цаг үед 65-68%-тай цэвэрлэж байна.
Дээрх шинжилгээний дүн мэдээг ЦУОШГ-ын харьяа БОХЗЛабораторид 2023 оны эхний хагас жилд хийгдсэн Туул-Баянзүрхийн гүүр, Туул-Сонсголон, Туул-Сонгино доод, Шинэ гүүр, Сэлбэ-Дамбадаржаа, Дунд гол-УБ, Улиастай-УБ харуулын цэгийн хяналт шинжилгээний дүн мэдээтэй харьцуулж үзэхэд, физик үзүүлэлтийн хувьд онцын зөрөө гараагүй, зарим үзүүлэлт буурсан дүнтэй харагдаж байгаа ч шим бохирдлыг тодорхойлогч азотот нэгдлүүд, жинлэгдэх бодисын агууламж зарим цэгүүдэд өссөн нь айлуудын хог хаягдал, бохирын цооног, нүхэн жорлон болон хөрсний бохирдол үерийн усаар угаагдан гол руу орсонтой холбоотой байж болно гэж үзжээ.
ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд авсан голын 18, үерт автсан газруудын халиа, тогтоол усны 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс авсан 2, нийт 41 усны сорьцны химийн шинжилгээний дүнг “MNS 4586:1998 Усан орчны чанар. Ерөнхий шаардлага” стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж гарсан үр дүнд үндэслэн дараах дүгнэлт, зөвлөмжийг өгч байна.
- Ус цуглуулах талбай багатай Сэлбэ голын эх болон дунд хэсэгт, Хотын төв хэсэг буюу Дунд гол орчимд бусад сорьц авсан газруудыг бодоход усны цахилгаан дамжуулах чанар (эрдэсжилт), жинлэгдэх бодис (хөрсний зулгаралт буюу ургамалан бүрхэвчийн эрс буурсан хэсэгт), хялбар исэлдэгч бодис, ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч органик шим бодисын бохирдолтын үзүүлэлт болох ПИЧ, аммонийн азот (NH4 -N)-ын агууламж бусад хэсгийнхээс их байгаа бол дээрх үзүүлэлтүүд үерийн халиа, тогтоол уснаас сорьц авсан бараг бүхий л цэгүүдэд стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь бохирдол их байгааг харуулж байна.
- Усны сорьцонд хийсэн химийн шинжилгээний дүнг “MNS 4586:1998 Усан орчны чанар. Ерөнхий шаардлага” стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд сорьц авсан бүх цэгүүдэд бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ), аммонийн азот (NH4-N), нитритийн азот (NО2-N), нитратын азот (NО3-N), эрдэс фосфор (PO4-Р)-ын агууламжаар тус тус стандартын шаардлагыг хангахгүй байна.
- Бичил амь судлалын шинжилгээгээр голуудын усанд харьцангуй бага нянгийн бохирдол илэрсэн бол үерийн халиа, тогтоол усны хувьд нянгийн бохирдол өндөр буюу шинжилгээнд хамрагдсан нийт сорьцын 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна. Иймд бохирдсон хөрс, орчныг ариутгал, халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгаж, дахин шинжилгээнд хамруулах эс бөгөөс гэдэсний бүлгийн халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байна.
- Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцонд хийсэн химийн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчин. Хаягдал ус MNS 4943:2015 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодис, нийт азот, эрдэс фосфор, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар тус стандартын шаардлагыг хангахгүй бохир усыг Туул голд нийлүүлж байгаа бол тухайн сорьц авсан цаг үед ТЦБ цэвэрлэгээний түвшинг тооцоход 65-68%-тай хаягдал бохир усыг цэвэрлэж байна.
- Цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй ажиллаж байгаа өнөө үед үерийн далангийн усыг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэлгүй голын татамд нийлүүлэх;
- Нийслэлийн засаг дарга, Байгаль орчны алба, Туул голын Сав газрын захиргаад нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд, Барилга хот, байгуулалтын Сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийг мөрдүүлэхэд анхаарч гарсан зөрчил дутагдлыг арилгахад хамтран ажиллах;
- Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, хогийн хаягдал хадгалах байгууламжийг шат дараатай халж, олон улсын жишигт нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох, хог хаягдлын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх;
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сурталчлан таниулах;
- Гол горхины нянгийн бохирдлын үеийн өвчлөлийн талаар Халдварт өвчин судлалаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээр зохих судалгааг хийлгэн, зөвлөмж гаргаж олон нийтэд мэдээллэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл