ОХУ: 42 цааны бэлчээрийн төлбөрт Норвегиас 4.4 сая доллар нэхэв


ОХУ: 42 цааны бэлчээрийн төлбөрт Норвегиас 4.4 сая доллар нэхэв 
Оросын тал нутагт 42 цаа буга хил даван ирж, бэлчээрлэсэн нөхөн төлбөрт  Москва 4.4 сая ам.долларыг  Норвеги улсаас нэхэмжилжээ.

Хоёр улс Хойд туйлаар хиллэдэг.  Цаа бугыг хилээр нэвтрүүлэхгүй байх хашаа байдаг. Гэвч 1954 онд баригдсан уг хашаа нь эвдэрсэн байсан гэж Норвегийн Хөдөө аж ахуйн газраас мэдэгджээ. Тэрхүү нурсан хэсгээр энэ жил 42 цаа буга ОХУ-ын нутагт дэвсгэр дэх "Пасвик Заповедник" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд идээшилсэн аж. 

Улмаар ОХУ-аас цаа буганууд "хил зөрчсөн" хэрэгт Норвеги улсаас хоёр төрлийн нөхөн төлбөр шаарджээ. Нэгдүгээрт, ОХУ-д нэвтэрсэн цаа буга тус бүрд 50 мянган крон /4700 ам.доллар/, нөгөөх нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цаа бугануудын бэлчээрлэсэн нийт хоногийг тооцож 47 сая кроныг /4.4 сая ам.доллар/ нэхэмжилсэн байна.

Норвегийн хөдөө аж ахуйн газар нөхөн олговрын талаар Оросын үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй уулзахаар төлөвлөж байна. ОХУ-д нэвтэрсэн 42 цаа бугын 40-ыг нь буцаан авчирч, дахин Орос руу нэвтрэх вий гэсэн болгоомжлолоор нядалсан гэж албаныхан мэдэгдэв. Нөгөө хоёрыг нь удахгүй ОХУ-аас буцаан авах гэнэ.

Уг хэргийн дараа Норвегийн Хөдөө аж ахуйн газар цаа бугаа хараа хяналтандаа байлгахыг иргэдэд сануулжээ. Норвегийн уугуул самичууд цаа бугыг малладаг. "Орос улсын хилийг нэвтрэх нь хориотой бөгөөд үүнд цаа буга ч хамаарна" гэж тус газраас анхааруулсан байна.

Норвеги улс мөн 3.7 сая кроноор хилийн эвдэрсэн 7 км хэсгийг засч эхэлсэн бөгөөд засварын ажлыг аравдугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.