ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд дахин мөргөлдөөн гарч Ойрхи Дорнодын улс төрийн байдлыг улам тодорхойгүй болгосонтой холбоотойгоор өнөө өглөө газрын тосны үнэ нэг торх нь 4 гаруй ам.доллароор өслөө.
Тодруулбал, Brent маркийн нэг торх газрын тосны үнэ 4.18 ам.доллар буюу 4.94 хувиар өссөнөөр 88.76 ам.доллар болсон бол WTI маркийн газрын тосны үнэ 4.23 ам.доллар буюу 5.11 хувиар өсөж, 87.02 ам.доллар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт энэ оны гуравдугаар сараас хойших хамгийн их хувиар унаад байсан газрын тосны үнэ эргээд өссөн байна. Бодлогын хүү өндөр байгаа болон энэ нь дэлхийн газрын тосны эрэлтэд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Brent газрын тос 11 орчим хувиар, WTI маркийн тос 8 гаруй хувиар унаад байв.
“Ойрхи Дорнод дахь геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа нь газрын тосны үнийг өсгөх төлөвтэй байна ... цаашид үнэ улам тогтворгүй болж магадгүй” гэж ANZ банкны шинжээчид үзэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл