Энэ 2023 оны эхээр, тодруулбал, нэгдүгээр сарын 5-нд УИХ-ын хоёр гишүүн хоорондоо нэлээн ширүүн үзэлцсэн. Үдийн өмнө нь Д.Ганбат хэвлэлийн бага хурал хийж О.Цогтгэрэлийн талаар ярьсан. Үүнийг О.Цогтгэрэл “...Хүнд гэмт хэрэгт гүтгэлээ” гэсэн. Дараа нь хууль хяналтынхан шалгаад “...Гүтгэсэн нь тогтоогдлоо” гэсэн. Тэр өдрийн здээс хойш нь О.Цогтгэрэл нь Д.Ганбатыгаа “шанаадсан” байдаг. Үүнээс болоод Д.Ганбатад хөнгөн гэмтэл учирч, энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүгээрээ энэ нь хүний эрүүл мэндийн эсрэг хэрэг болж хувирсан байдаг.
Ингээд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр нэг нь зодсон, нөгөө нь гүтгэсэн асуудалд холбогдсон.
Улмаар хоёуланд нь прокурорын хяналт дор хэрэг үүсэж, мөрдөх байгууллага шалгаж эхэлсэн. Гэвч яаж дууссан нь тодорхойгүй болсон. Уг нь ийм хэргүүд дээрх хохирогч нь “...Гомдолгүй” гэсэн ч шүүх эцэслэн шийдэх хуультай. Тэр утгаараа, эрхэм гишүүдийн холбогдсон асуудал хэрхэн шийдэгдсэн нь сонин байгаа юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8-т “...Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж заасан байдаг. Хэрэв эрхэм гишүүд зодсон, гүтгэсэн хэргээр ямар нэг байдлаар шийтгэл авсан бол хуулийн энэ заалтад “хамрагдчих” магадлалтай юм байна. Нэг үгээр хэлбэл “...О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр дахин нэр дэвшиж чадах уу” гэдэг асуулт тавигдаж байгаа юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)
Сэтгэгдэл