Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ ням гарагт болсон хуралдаанаар 2030, 2034 оны өвлийн Олимпын наадмуудыг зохион байгуулах хотуудыг ирэх зун нэгэн зэрэг сонгох шийдвэр гаргаснаар 2034 оны өвлийн Олимпыг Саппоро хотод зохион байгуулах боломж улам багаслаа. 2021 оны Токиогийн Олимпыг тойрсон сонгон шалгaруулалтын будлиан, хээл хахуулийн дуулианы улмаас Саппоро хотын удирдлага 2030 онд хоёр дахь удаагаа өвлийн Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор буцаан татсан юм.
Японы Олимпын хорооны ерөнхийлөгч Ямашита Ясүхиро 2034 оны эсвэл түүнээс хойших Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх саналыг Саппород тавьж, хотын дарга Акимото Кацүхиро уг саналыг зөвшөөрчээ. Гэтэл ОУОХ-ноос хоёр наадмын зохион байгуулагчийг нэгэн зэрэг сонгох шийдвэр гаргаснаар Саппоро хотын хувьд 2034 оны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгөхөд багахан хугацаа үлдэж байна. Швед, Франц улсууд 2030 оны Олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх төлөвтэй байгаа бол АНУ-ын Юта муж улсын Солт Лейк хот 2034 оны Олимпын төлөөх хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байна. Ташрамд дурдахад, Саппоро хот 1972 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулсан билээ.
Сэтгэгдэл