Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөр нэг литр нь 1.34 төгрөг болжээ. Энэ нь өмнөхөөс 27 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Аж ахуйн нэгжүүд цэвэр усны литр тутамд 2.69 төгрөг төлөх нь. Хамгийн их ус хэрэглэдэг спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын газрууд нэг литр ус тутамд 3.56, айл өрхийнх 1.07, аж ахуйн нэгжийнх нь 2.25 төгрөг болсон нь өмнөхөөс 20-45 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Харин гэр хорооллын худгуудын усны тарифыг нэмээгүй, литр тутамд нь хоёр төгрөг хэвээр үлдээжээ.
Энэ талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбат “Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манайд олон шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлэн, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж буй. Гэрээнд усны орлого нь зарлагаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж тусгасан” гэв.
Сэтгэгдэл