Д.Алтанхуяг: Монгол Улсад барилгын 425 норм, дүрэм мөрдөгдөж байна


 

"Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Д.Алтанхуягтай ярилцлаа. 

-Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа өнөөдөр ямархуу хэмжээнд явагдаж байгаа талаар товч мэдээлэл өгнө үү. Төвийн энэ онд тавьж байгаа гол зорилт юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 47 тоот тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, ба­рилга, геодези, зураг зүйн газрыг татан буулгасантай холбогдуулан барилгын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг байгуулагдсан. Одоогоор манай байгууллага 100 гаруй инженер, техникийн ажилчидтай. Барилгын салбарт мөрдөгдөх норм, нормативын баримт бичиг боловсруулах ажлыг зохион байгуулах, улсын хэмжээнд баригдаж буй улсын болон хувийн хөрөнгө оруулалттай барилга, байгууламжийн зураг төслийг хянан баталгаажуулж, нэгдсэн дүгнэлт гаргах, салбарын инженер, техникийн мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, орон сууц нийтийн аж ахуйн конторуудын тайлан мэдээ, өвөлжилтийн бэлтгэл хангах, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах, орон сууцны судалгаа гаргах, барилга, барилгын материалын чанар, стандартыг хянаж, баталгаажуулах гээд олон төрлийн үүрэг хүлээн үйл ажиллагаа явуулж байна.

Барилгын захиалагчийн хэлтэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө болон гадаад дотоодын төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа яамдын захиалгатай төсөл арга хэмжээг барилга угсралтын ажлын үе шат бүрд багийн системээр очиж хянадаг. Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори барилгад хэрэглэгдэж байгаа материал бүтээгдэхүүний чанар, стандарт хангаж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай үед газар дээр нь очин, дээж авч шинжлэн дүгнэлт гаргах, хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа хийж хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах гэх мэт сал­барын чиг үүргийг хэрэгжүүлэн ажил­лаж байна. Сүүлийн үед, 2019 оноос Барилгын мэдээллийн нэгдсэн санг хийж, хөгжүүлж ирсэн. 

Мөн энэ оны хувьд ажил, үйлчилгээгээ цахимжуулахад голлон анхаарч байна. Цахимаар олон төрлийн үйлчилгээ үзүүлэх нь иргэд, аж ахуйн нэгжид давуу талтай. Шуурхай үйлчлэхээс эхлээд ямар нэгэн хүндрэл, чирэгдэл байхгүй болж байна гэсэн үг. Жишээ нь өнөөдөр бид барилгын тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжуулсан. Зураг төслийн, барилга угсралтын, өргөх байгууламжийн гэсэн үндсэн гурван төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулаад үйлчилгээг нь Монголын барилгын ассоциацид хариуцуулаад явж байна. Үйлчилгээ цахимжсанаар салбартай холбоотой гомдол эрс буурч, багассан.

-Монгол Улс барилгын сал­бар­таа хэдэн төрлийн норм, дүрэм, стандарт мөрдөж байгаа вэ. Өнгөрсөн хугацаанд ба­рилгын норм, норматив хэр шинэчлэгдсэн бол. Ойрын үед шаардлагатай норм, дүрэм бий юу?

-Одоогийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын 425 норм, дүрэм байна. Жил бүр Норм, нормативын сангийн төлөвлөгөөг баталж, шинэчлэн мөрдүүлж байдаг. Өнгөрсөн жил 25 норм, дүрмийг шинэчилж баталсан. Саяхан Турк улсад газар хөдлөлт болж, олон хүн амь эрсдэн нийгэм, эдийн засагт нь хүнд гарз учирсан. Монгол Улсад барилга байгууламжийг газар хөдлөлтийн бүсэд төлөвлөх барилгын норм ба дүрмийг анх 2002 онд боловсруулсан бол өнгөрсөн онд шинэчлэн баталлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг гэх мэт нэн тэргүүнд шаардлагатай нормуудыг шинэлэн баталсан. Сургууль, цэцэрлэгийн барилгын спорт болон урлагийн заалыг түр хорогдох байрны зориулалттай төлөвлөхөөр зохицуулсан нь эдгээр нормуудад орсон томоохон заалтуудын нэг юм. Цаашид төсөв үнэ бүрдлийн нормуудыг шинэчлэх ажилд анхаарч байна. Төсвийн нормыг томсгосон үнэлгээнд шилжүүлэх суурь бэлтгэлийг хангаж байна гэж ойлгож болно.

-Манай улсад барилгын ажилд норм дүрмийг стандартын дагуу мөрддөг үү гэсэн асуултыг өнөөдөр олон хүн тавьдаг болж. Туркийн газар хөдлөлтөөс хойш олон нийт нэг тийм болгоомжлонгуй ханддаг болсон байна л даа?

-Манай барилга угсралтын компани, төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд борлуулалтаа хийхдээ "Газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй орон сууц” гэсэн сурталчилгаа явуулдаг. Энэ нь зураг төслөө норм, дүрмийн заалт шаардлагыг хангуулж судалгаа тооцоо хийж зурагдсан гэсэн үг. Уг зургийг манай орон тооны бус экспертүүд үзэж шалган дүгнэлтээ гаргаад явдаг. Харин тухайн барилга зураг төслийн дагуу баригдаж байна уу гэдэг нь чухал. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгыг угсралтын ажлын явцад төрийн хяналт хийнэ.

Харин хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгуудад тухайн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж дотоодын хяналтаа тавьдаг. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт хяналт тавьдаг байсан. Энэ хяналт одоо яамдад шилжсэн. Харин барилгын материалын чанарын асуудлын хувьд барилгын материал им­портлогч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг, хүлээх хариуцлага, тавих хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна. Улсын хилээр заавал тохирлын баталгаанд хамрагдсан бараа бүтээгдэхүүнийг импортолдог болох, хилээр орж ирж байгаа материал бүтээг­дэхүүнийг чанар, стандартын шаардлага хангаж байгааг хилийн бүсэд шалгадаг болохоор Барилга, хот байгуулалтын яамнаас Замын-Үүд хил дээр лабораторийн барилга барих ажлыг эхлүүлсэн. Барилгыг зураг төслийнхөө дагуу барьсан бол тухайн барилга чанарын хувьд асуудалгүй гэсэн үг.

-Барилгын чанар, аюулгүй байдлын журамд өөрчлөлт орж шинэчлэгдсэн гэж сонссон. Энэ журам шинэчлэгдсэнээр ямар ахиц гарах вэ?

-Барилга байгууламжийн чанар аюулгүй байдлын техни­кийн зохи­цуулалтын, Барилга байгуу­ламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтын гэсэн хоёр шинэ эрх зүйн баримт бичгийг бид 5-6 жил боловсруулан өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжигдсэн. Эдгээр техникийн зохицуулалт нь Зас­гийн газраар батлагдсанаар салбарт заавал мөрдөнө. Барил­гын салбарын техникийн зохицуулалт нь заавал мөрдөх 14 төрлийн шаардлагын хүрээнд гарна. Техникийн зохицуулалт салбарт нэвтэрснээр түүний шаардлагыг дагаж биелүүлэх заавал мөрдөх норматив баримт бичгийн тоо цөөрөх, зөвлөмжийн баримт бичгийн тоо нэмэгдэх, норм дүрмийн заалтын давхардал, зөрүүтэй байдал арилахаас гадна импортоор орж ирж буй шинэ техник технологи, бараа материал бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл худалдааны хориг саад арилж салбарт орох эдийн засаг сайжирна гэж боддог.

-Анх ипотекийн зээлээр орон сууц борлуулж эхлэхэд ба­рил­гын салбарт маш олон мэргэжлийн биш компаниуд орж ирсэн гэдэг шүүмжлэл өрнөдөг байсан. Тэр үетэй харьцуулахад манай барилгын компаниуд хэр чанаржиж байгаа вэ? 

-Өмнө нь барилгын компаниуд өөрийн инженер техникийн ажилтнуудтай, машин механизм, техник, тоног төхөөрөмжтэй нүсэр системтэй байлаа. Одоо энэ нь өөрчлөгдсөн. Барилга угсралтын ажил үндсэндээ баригадын хэлбэрт орж байна. Нэг барилга барихад захиалагч угсралтын ажил, ус дулаан, холбоо дохиолол, цахилгаан, ариутгах татуурга гээд шугам сүлжээний ажлын төрөл бүрээр тус тусад нь тухайн чиглэлээр мэргэшсэн баригадаар ажлаа гүйцэтгүүлдэг болсон. Шаардлагатай машин механизмаа тухайн үед түрээсээр авж ашиглаж байна. Энэ нь нэг талдаа аж ахуйн нэгжүүдэд ашигтай, хөнгөн байдал харагдаж байна. Нөгөө талдаа өөрийн гэсэн инженер техникийн ажилчидгүй бол барилгын чанарт сөргөөр нөлөөлдөг.

-Өнгөрсөн жилүүдэд барил­гын материалын үнэ өсөж, тен­дерт шалгарсан компаниуд гүйцэт­гэлээ хугацаанд нь хийж чадаагүй, царцсан. УИХ-ын тогтоолын хэрэгжилт, үр дүн ямар байсан бэ?

-УИХ 2021 оны арван­нэг­дүгээр сард 88 дугаар тогтоол гар­гасан. Энэ тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө УИХ-д танилцуулах үүрэгтэй байлаа. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуу­лагдсан. Энэ Ажлын хэсгийг төсөл арга хэмжээнд материалын үнийн өөрчлөлтийг тооцох БХБ-ын сайдын 75 тоот тушаалаар түр журмыг баталж өгсөн. Материалын үнийн өсөлтийг тооцож энэ оны төсөвт нийт 304 тэр­бум төгрөгийг суулгасан, Сангийн яам баталгаажуулаад эхнээс нь гүйцэтгэлээр нь олгож эхлээд явж байна. Барилгын материалын үнийн зөрүү энэ жил өндөр гарсан. Өмнөх жилүүдэд барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарсан индекс 1.01-1.08 хувьтай байхад компани эрсдэлээ даагаад явдаг байсан. Гэтэл өнгөрсөн жил барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарсан индекс нь 1.49 хувьтай гарлаа. Тиймээс улсын төсвийн тендер авсан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах байтугай өөрсдөө дампуурахад хүрсэн.

-Хил нээгдэж, ачаа эргэлт нэ­мэгдсэнээр барилгын мате­риалын үнэ буурах хандлага ажиглагдаж байна уу?

-Ерөнхийдөө ажиглагдаж байна. Жишээлбэл, арматур тонн нь 2.8 сая төгрөг байснаа 2.6 сая болж 200 мянгаар буурч байна. Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үнийн өсөлтөөс гадна тээврийн зардал маш их нэмэгдэж байлаа. 40 тонн чингэлэг Улаанбаатарт таван сая төгрөгөөр ирдэг байсан бол 20 сая хүрсэн. Өнөөдөр тээврийн зардлын ханш мөн буурч байна. Гэхдээ өнөөдөр зарим төрлийн барилгын материалын өртөг буурсан нь нийт дүнгээрээ бодитоор ажиглагдаагүй байна. Удахгүй барилгын ажил ид өрнөхөөр мэдрэгдэнэ.

-Гэр хороололд амины орон сууцаа төвийн дулаанд холбоход шинэчлэл хийгдсэн үү?

-БХБЯ-аас гэр хороололд иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, амьдрах орчныг сайжруулах, хөрсний бохирдлыг багасгах зэрэг асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхээр хотын зарим дүүрэгт инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг үе шаттайгаагаар хийж байгаа. Өнөөд­рийн байдлаар миний мэдэж байгаагаар Зурагт, Дамбаржаа, Дарь-Эхийн чиглэлд тодорхой төслүүд хэрэгжиж байна. Ингэж дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр гэр хороололд амьдарч байгаа иргэд өөрсдийн амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл сайжирна. Мөн барилгын салбарын нэгдсэн мэдээллийн санд амины орон сууцны янз бүрийн төлөв­лөлттэй зургийг зурж батал­гаажуулан байршуулаад эхэлж байна. Эндээс иргэд өөрийн эзэм­шил газрын хэмжээнд тохирсон дуртай зургаа сонгон авч амины орон сууцаа барих боломжтой. Энэ нь нэгдүгээрт зураг хийлгэх зардлыг хэмнэж өгч байна хоёрдугаарт, аюулгүй байдлыг нь бүрэн хангасан тооцоо хийж баталгаажуулсан сууц барих боломжийг бий болгож байгаа. Нэг айлын орон сууц гэсэн барилгын норм ба дүрэм боловсруулагдан мөрдөж байна.

-"Барилгын хөгжлийн төв" бай­гуулагдсанаар энэ салбарт ямар ахиц гарсан гэж үзэж байна вэ?

"Барилгын хөгжлийн төв” нь барилгын салбарын төрийн захир­гааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргээс гадна захиалагчийн хяналтыг хийдэг. Бид бүхний хэрэгжүүлж байгаа ажлын чиг үүргийн хүрээ бүрд тодорхой ахиц гарч байдаг. Ажил хийж байгаа юм чинь алдаа оноо аль аль нь байгаа. Бид баг хамт олноороо хамтран ажилладаг, хамтарч шийдвэрээ гаргадаг, төлөвлөсөн ажлынхаа ард гарах гэж багаараа хичээдэг. Аливаа байгууллагын менежмент, удирдлага зохион байгуулалт нь сайн байх үндсэн суурь нь мэргэжилдээ мэргэшсэн инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүд байдаг. Энэ байдлыг бэхжүүлэх, улам сайжруулах гэж инженер тех­никийн ажилтнуудаа дотоод гадаадын сургалтад сургаж мэргэшүүлж, гадаад харилцаагаа тэлж ажиллах тал дээр цаашид илүү анхаарна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.