Бат-Үүл ээ, баатрын тэмдгээ зүүж очоод шалгуулчих


Бат-Үүл ээ, баатрын тэмдгээ зүүж очоод шалгуулчих

 

Бат-Үүл бачимдан  бархирав. С.Зоригийг алсан хэрэгт сэжигтэн биш  яллагдагчаар татсанд бухимдав. Түүнийг дагуулан нийслэлийн намын даргын албыг нь авах, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг хийсэн ажлыг нь харлуулах  улс төрийн  "давхар ачих мэх” гээч ирчихсэн гэнэ. Нэг үгээр хэлбэл, өөрийнх нь эсрэг  улс төр, бизнесийн нам дамжсан "Их эвсэл” бий болж гэнэ. 

 

Өөрийнх нь хэлж буйгаар бол энэ бүхэнд  хэдхэн жилийн өмнөхан  энгэр дээр нь Улсын баатарын одон зүүж өгч асан Ц.Элбэгдорж  найз нь "элэг барих”-ыг үзүүлж өгч байгаа юм байна. Туслах, зөвлөхөө  турхирч гэнэ. Дохиур яаж хөдөлнө, Үүл хаашаа л бол хаашаа  "нүүх”   нөгөө гарзын  үүд  гэдэг шиг юм   нээгдсэн юм байх. Ийм учраас 1990-ээд оноос нэгдэн нийлж, хамсч хамтарч яваагүй мэт ааш авир үзүүлэх боллоо. Хууль зөрчиж намайг  хилсдүүлэн хэлмэгдүүллээ, хүний эрх гээч юм  хаана байна аа  гэхчлэн Э.Бат-Үүл баахан  халаглажээ.  

 

Гэтэл өнөөдрийг хүртэл  Улсын баатар маань хүний эрх, эрх чөлөө, монгол хүний амь нас, үнэ цэнэ,  түүнийг хамгаалахын  төлөө юу хэлж, хийсэн байна вэ. Ардчиллын хараацай, зоригт шонхор, буриадын цөстэй эрчүүдийн үргэлжлэл гээд гоёдом  гуншин зөндөө  бий дээ. Ардчиллын удирдагч С.Зориг улс төрийн аймшигт  аллагын золиос болсон 1998 оноос хойш "агсан” хэмээн 17 жил ярьж, бичиж ирэхэд түүнийг  цогт  тэмцэгч, чин сайн анд нөхрөө гэж боддог, хамтран тэмцэж явсан найз нь юм бол хэргийг илрүүлэхийн төлөө тэмцсэн үү, яаж тэмцэв гэдгийг олон нийт  сайн мэднэ. УИХ-ын гишүүн, Нийслэлийн АН-ын дарга, Хотын захирагч гээд өндөр аолбан тушаалуудыг  сэлгэж нисээд байсан. Нийслэлийн АН-ынх нь байрны арын сүүдэрт С.Зориг андынх нь хөшөө 1998 оны аравдугаар сарын 2-ны хар өдрийг сануулан бөртийж байдаг.

 

Э.Бат-Үүлийн өнөөдөр "Би   улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө”  гэж байна. Өөрөө хэлмэгдүүлэлтийн эсрэг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байсан уу гэвэл үгүй.  Жишээ нь,  МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг  хилсдүүлэн яллаж, хүч хэрэглэн хэлмэгдүүлж байхад  "Гутлаа тосолж, зангиагаа зүүж очоод байцаалт өг” гэж хээв нэг хэлээд зогсч байсныг мэдэх нэгэн нь санаж л байгаа байх. Хүнд хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байхад Улсын баатар хүн тэгж хэлнэ гэдэг "Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт  байж болно” гэдэгт уриалан дуудаж  өдөөн турхирч, өөгшүүлэн дэмжиж  байсан бус уу. АН-ын гишүүд, төрийн албан хаагч цөөнгүй хүн   янз бүрээр хэрэгт шалгагдаж, өвчин хууч нь сэдэрч хөлийнхөө хурууг тайруулахаас эхлээд зарим нь шоронд амиа алдсан. Хүний эрхийнг зөрчиж байна гэж Э.Бат-Үүл лав дуугарч байгаагүй.  Монголын олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн  1930-аа оны хар сүүдрийн тухай ч үг хэлж байгаагүй санагдана.  Тэгээд өнөөдөр ийм зүйл ярьж суух ч гэж. Хэлмэгдүүлэлт Монголд  яагаад байгаад байна гэвэл, хэлмэгдүүлэлтийг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй,  тэр байтугай хүлээн зөвшөөрдөггүй   ардчилагч Бат-Үүлчүүд  байгаа  учраас л тэр. Бас Бат-үүлийн яриад байгаа зүйл хэлмэгдүүлэлт мөн үү, биш үү. С.Зоригийг хэн алсан бэ гэдэгт хариулт нь бас өөр байх аа. Тиймээс өөрт нь хаяглаад хэлчихэд  Баатарын одонгоо зүүж очоод байцаалтаа өгчих хэрэгтэй. Улсын баатар гээд  баатарлагаар шалгуулчих .

 

Эх сурвалж: Зууны мэдээ соини

Л.ХЭРЛЭН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.