Сүүлийн үед гадны банкийг оруулж ирэх нь зөв, буруу гэсэн талцал хүчтэй өрнөж байна. Гадны банкууд орж ирэхийг бизнесмэнүүд бол дэмждэг. Аргагүй л дээ, жилийн хориод хувийн хүүд дарлуулах яаж ч бодсон аятай зүйл биш.
Салбараа нээх хүсэлтээ ил тодоор илэрхийлээд удаж байгаа Хятадын дөрвөн том банкны нэг, дэлхийн шилдэг аравт багтдаг Bank of China нь байна уу, гадаадын хувийн хөрөнгө оруулалттай банк нь ч байна уу, аль бага хүүтэй мөнгө сарвайсан нь аятай таатай харагдах нь зүйн хэрэг.
Bank of China-гийн хувьд гадаадын, тэр дундаа Хятадын төрийн өмчтэй банк гэсэн болгоомжлол бодлого гаргах түвшнийхэнд байдаг. Ардчилсан биш засаглалтай улсын төрийн өмчтэй банк гэдгээр нь болгоомжлох шалтаг цөөнгүй байдаг нь тодорхой. Тэгснээс гадны хувийн өмчтэй банкууд салбараа нээчихвэл эрүүл өрсөлдөөн өрнөнө, үр дүнд нь өнөө ч дажгүй хөгжиж яваа банкны салбарын үйлчилгээ дэлхийн хэмжээнд хүрнэ гэсэн гаргалгааг зарим эдийн засагч хэлдэг. Гэхдээ эдийн засаг тартагтаа тулсан, валютын хомсдолд орчихсон өнөөгийн өндөрлөгөөс харахад хүү нь бага байх юм бол лүү нь хэн байсан ч яадаг юм гэж адрахад болохгүй юмгүй л санагдаж байна. Уг нь Сангийн сайд маань улс төрийн элдэв шалтгаангүйгээр аятай өөдрөг, болно бүтнэ гэсэн мэдэгдэл хийчихсэнсэн бол гадаадын хувийн банкны саналыг ч бас хүлээх ёстой, нэг их яарах хэрэггүй гэсэн шигээ суумаар л байна.
Лүү гэдэг нь юмны эзэн, сумны занги гэсэн утгатай хэрэглэгддэг үг л дээ. Яг одоогоор салбараа нээмээр байна гэж албан ёсоор дуугарсан нь хэн бэ гээд ухвал лүү нь Bank of China болж таарна. Зээлийн хүү буурна гэдэг нь хадгаламжийн хүү буурна гэсэн үг. Хадгаламжийн хүү буурахаар банк мөнгөний эх үүсвэргүй болно гэх болгоомжлол дуулддаг. Яг нарийндаа хадгаламж эзэмшдэг хэсгийг анзаарахаар түмнээрээ, бултаараа мөнгөө хадгалуулаад суугаа дүр зураг хэтээсээ байгаагүй, одоо ч тийм биш. Цөөхөн хэдэн гэр бүлийн мөнгө улсын нийт хадгаламжийн багагүй хувийг эзэлдэг. Мөнгөтэй хэсгийн хувьд бас нэг сул тал анзаарагддаг. Золоор, хөлсөөрөө алин ч бай ялгаагүй их мөнгөтэй болсон хэсэгт сүүлийн үед идэвхгүй гэж шүүмжлэхээр нэг хандлага тод анзаарагдах боллоо. Бизнес хийж, баялаг бүтээх гэж үйлээ үзэхээр зүгээр л хадгалуулаад дажгүй хүү аваад аж төрье гэсэн сэтгэлгээ. Ингээд бодохоор хадгаламжийн хүү буурна гэдэгт санаа зовохгүйгээр аж төрмөөр юм шиг. Хадгаламжийн хүү буурвал харин ч залхуу улсын тоо цөөрнө. Бага хүүтэй хадгалуулснаас юу ч хамаагүй хийж, эрсдэл гаргаж, илүү ашгийн төлөө зүтгэе гэнэ биз дээ. Тэгэхээр бага хүүтэй зээл өгдөг гадны банк ороод ирэхэд болохгүй юмгүй санагдаж байна.
Bank of China-гийн хувьд Монголд салбараа нээх өндөр сонирхолтой. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 6000 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, хоёр орны төв банкуудын солилцох валютын хэмжээ арван тэрбум юаньд хүрсэн, уул уурхай, үйлдвэрлэлийн том төслүүд яригдаж эхэлсэн гэж ирээд яривал Bank of China манайд салбараа нээх сонирхол өндөр байж болох олон шалтгаан бий. Улаанбаатарын эдийн засагчдын клубийн сар бүрийн уулзалтын нэг зочноор "Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын дарга Дай Син жунийг урьж байсан удаатай. Ноён Дай Син жун бизнесийн төслийн санхүүжилт, дэд бүтэц, барилга, уул уурхай, амьжиргаа дээшлүүлэх гээд бүх л салбарт хамтран ажиллах боломжтой, Засгийн газрын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн нь тод санагдаж байна. Жижиг дунд бизнесийн санхүүжилтэд туршлагатай ч энэ зах зээл дээр дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, хадгаламж дээр ч өрсөлдөгч биш гэдгээ хэлж байв.
"Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын дарга "Монголын эдийн засаг бол их хэмжээний мөнгө оруулж үр ашиг хүртэхээр том зах зээл биш. Жижигхэн эдийн засагтай. 2012 онд анх удаа 10 тэрбум ам.доллар хүрсэн эдийн засаг. Гадны том банк орж ирээд ашигтай ажиллах зах зээл биш. Төгрөгийн ханш нь гэхэд богино хугацаанд их хэмжээгээр унасан, инфляци өсөлттэй гээд сөрөг үзүүлэлт ихтэй зах зээлд салбараа нээх эрсдэлтэй. Бидэнд ажиллах тодорхой хэмжээний орчин бий учраас ийм шийдвэр гаргасан. Манай банкны хувьд дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана.Хөгжихөд нь тусална. Засгийн газар, төв банк хяналт тавих бүрэн боломжтой.Хуулийн хүрээнд хяналтаа тавиад эрсдэлтэй гэж үзвэл зөвшөөрлийг хурааж авах эрх нь Засгийн газар, төв банкинд бий. Банкны хувьд компаниудтай зээлийн харилцаа л тогтоодог.Зээл авсан компанийнхаа менежмэнт, удирдлагын асуудалд оролцохгүй. Барьцаа хөрөнгийн хувьд тухайн улсын хуулиар зохицуулагддаг” хэмээн ярьж байсан нь хоёр жил гаруйн өмнөх явдал. Гадаадын төрийн банк орж ирэх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн болгоомжлолд Дай Син жун "Дотоодод арав гаруй банк 1500 салбар, арав гаруй мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай банкны хувьд Улаанбаатарт нэг салбар ажиллуулна. 40 гаруй хүн л ажиллана. 56 сая ам.долларын капитал бүртгүүлэхээр Монголбанкинд саналаа өгсөн. 460 сая ам.долларын зээл олгох боломжтой. Гэтэл дотоодын арилжааны банкууд 2013 оны байдлаар гэхэд зургаан тэрбум ам.доллар зээлсэн гэх статистик гарсан байна лээ. Тэгэхээр Bank of China-гийн салбар жижиг, дунд хэмжээний банктай л ойролцоо хэмжээний үйлчилгээ үзүүлнэ гээд ойлгочихож болно” гэсэн тайлбар өгч байсан юм. ОУВС саяхан дэлхийн валютын нөөцөд юанийг багтааснаа зарласан. Улаанбаатарын эдийн засагчдын клубийн уулзалтын үеэр ч "Bank of China”-г төлөөлж ирсэн эрхмүүд юань удахгүй хүчирхэгжинэ, дэлхийн валют болно хэмээн онцолж байсан юм. "Bank of China” Монголд салбараа нээвэл дэлхийн валют болсон юанийн эерэг нөлөө их гэдэг нь гарцаагүй.
Хятадын зах зээлд төрийн өмчийн компаниуд олноороо үйл ажиллагаа явуулдгийг зарим эдийн засагч шүүмжилдэг. Гэхдээ "Хятадын эдийн засаг Зөвлөлтийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг биш. Жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаараа явж байгаа. Шанхай, Бээжин гэхэд л олон улсын зах зээлийн төв болж байна. Худалдаа бол Хятадын хөгжлийн мотор. ДНБ-ий 30 хувийг экспорт эзэлдэг статистик бий. Дэлхийн үйлдвэрлэлийн төв Хятадад төвлөрч байна. Хятадын экспортын 60 хувийг үндэстэн дамнасан компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг. Хамгийн их хөрөнгө оруулалт татаж, хамгийн их худалдаа хийсэн нь л Хятадын хөгжлийн үндэс” гэсэн тайлбар бий.
Гадаадын хөрөнгө оруулалт татарсан энэ үед валют орж ирнэ гэдэг утгаараа гадны банк салбараа нээх нь бидэнд ашигтай. Таван толгой, цахилгаан станц, хурдны зам зэрэг том төслүүд шил шилээ даран хэрэгжих гэж байгаа энэ үед гадны банк манайд салбараа нээх нь мэдээж ашигтай. Аль нэг том банкны салбар ажиллаад том төслүүдийг санхүүжүүлээд эхэлбэл тэр мөнгө дотоодын зах зээл дээр эргэлдэнэ, үр дүнд нь монгол компаниуд мөнгөтэй болно, монгол ажилчид ахиухан цалин авна гэсэн давуу тал бий. Гадаадын том банкуудын салбарыг улсдаа нээсэн нь Сингапурыг Азийн санхүүгийн төв болгосон жишээ хүн төрөлхтний түүхэнд бэлхнээ байгаа.
Ц.БИЛИГ
Сэтгэгдэл