Хоёр сарын дараа буюу 60 хоногийн дараа 560 сая ам.доллар төлөх гэж байгаа төрийн тэргүүнүүд маань, мөнгөний авдрын эзэд бүгд хөдөлж Ази, Америк тивээр явж байгаад ирлээ. Ерөнхий сайд Японд явах зуурт Сангийн сайд,Монголбанкны удирдлагууд АНУ-д айлчилжээ. Лондон, Сингапур дахь санхүүгийн байгууллагуудтай мөнгө татах талаар яриа хэлэлцээр мөн хийж. Их хурлын дарга намын шугамаар Хятадыг зорих зууртаа төрийн тэргүүнтэй нь дээд хэмжээнд тулж уулзалт хийгээд ирлээ. Гол анхааралд байсан Хятад, Япон хоёр оронд зэрэг хийгдсэн төрийн тэргүүнүүдийн холбоо айлчлалын тайлан болоод цаашид гарах үр дүнгийн талаар таамаг яригдаж эхэллээ.
АН-ын үед хэрүүлийн алим болоод байсан ТТ ба нүүрсний зам МУ-ын сайд асан М.Энхсайхан нарын зүтгүүлж байсан Мега төслийн зургаар хөдлөж магадгүй болсон дүр зураг тодорсоор байна. Тавантолгойг урд хөршийн компанитай хамтрах хувилбарыг дэмжигсэд болоод эсэргүүцэгч нарын байр суурь тодорхой байдаг. Хятадын талтай хамтрахыг эрс няцааж гацааж ирсэн талд өмөөрөн харах зүйл их байсан ч эдийн засаг талдаа үүнээс илүү гэх хувилбар гаргаж тавиагүй байдаг. Нэг компанийг зуусан мэт гацаасаар ирсэн болж харагдсан.
Далайн боомт хүрч тэндээс цааш Япон Солонгост коксжсон нүүрс гаргах ойрхон зай км-ийн яриа манай улстөрчдийн дунд хэндээ ч хазуулалгүй шидэлцсэн хэрүүлийн алим болсоор үндсэндээ 6 жилийг барсан. Дундаа наймаалцах, тулгах шахах, улс төржүүлэх бүх арга хэлбэрээр Тавантолгой ба Төмөр зам гэсэн алим дээр халз үзсээр. Үндсэндээ хоёр сонгууль дамнаж ирсэн. Үр дүнд нь нүүрснээс олсон ашиг гэж Монголын хувьд байхгүй. Чалко гэх нүүрсний ченж компанид хар алтныхаа үнийн бодлогоо атгуулчихсан суугаа улс. Чалкотой дахин шинэчилсэн гэрээгээр тогтоосон доод үнийг өр барагдтал юу ч болж байсан хөдөлгөх эрхгүй. Харин Чалко цааш хил давуулангуутаа тухайн өсч буй ханшаар зараад байх эрхтэй. Ийм гэрээг эх орондоо авч үлдэж Хятадын нэг компанид өрнийхөө дээр нөхөөс болгож хатуу доод үнийн хязгаар олгосноор тухайн үеийн шийдвэр гаргагч нар юу хүртэж үлдсэн бол. Яг ийм гэрээг тоох ч үгүй үзэглээд иргэдийн тархийг медиа ажиллагаагаар угааж чаддаг, хоёр нүүртэй болсон мэт улстөрчид байхад цаашид уул уурхайгаар хөгжих дэвжих тухай яриа үнэндээ байхгүй . Урьд урьдын засгийн иймэрхүү олхиогүй хандлагыг МАН өөрчилж чадах уу гэдэгт л Тавантолгойн гол хүлээлт байна.
Алдарт бэлэн мөнгөний амлалтын хоёр саяас хойшх хугацаанд Монголын нүүрс бол "Түй” болж үнэгүйдлээ. Эрдэнэс Тавантолгой гэж төрийн өмчит компани Чалкогийн өр дарагч л компани болжээ гэмээр. Тэгсэн хэрнээ өөрсдөө ч олборлолтоо хийхгүй уурхайдаа Хятадын компани оруулж өндөр өртөгтэйгээр нүүрсээ нь гаргуулж байгаа тухай ч сонсогддог. Ийм үед л Тавантолгойн 4 тэрбум тонн нүүрсээ дахиад хүний хоол болгоод тавиад туучихгүйн тулд яаж хөдлөх нь олны анхааралд байх ёстой.
Тавантолгойг таван цул болгож булаалдах бизнес улс төрийн бүлэглэл эрх баригч хоёр том намын эвийг ч зангидаж, эвдрэлийг ч үүдэж ирсэн нь одоо нууц биш болсон. Хэн нэг нь шууд бярдаад хөдөлгөчих илт давуу байдлыг аль ч тал нь олж авч чадалгүй хоёр сонгууль дамжсан. Үүний ачаар гэх үү, эзээр гэх үү одоо болтол Тавантолгой хэвлий дэх нүүрстэйгээ Монголынхоо өмч хэвээр байгаа. Улстөрчдийн том тулааны галыг хөөргөдөгч нь Тавантолгой байсаар ирсэн талаар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр 100 эрхэм нэвтрүүлэгт уригдахдаа хүүрнэн ярьсан удаатай. 2012-2106 оны парламентын нэг засгийн аминд хүрсэн ба дахин хүрэх шахсан савлагааны ард мөн л Тавантолгой байсан гэсэн жиг жуг яриа улс төрийн хүрээнд ч байдаг.
Тавантолгойг хөдөлгөхөөс аргагүй байдлыг хэлэх эрх баригчдын нэг учирлал мөнхийн тойргоор үргэлжилсээр байгаа нь нийгэмд хардлага төрүүлдэг. Эдийн засаг тойрог хямрал, өрийн дарамт нэмэгдэх, энэ нь явсаар иргэн бидний амьдралын уналт болж ноён болсон долларын дарамттай хавсрах тусам "Тавантолгойг л хөдөлгөчихвөл” гэсэн мессеж идэвхжээд эхэлдэг.
Одоогийн парламент ирэх жилээс Тавантолгойн хөдөлгөх гурав дахь давалгааг эхлүүлэх байх. Харин оршил нь яг л адилхан найман жилийн өмнөх хэвээр. Томоохон орд төслөө хөдөлгөхгүй бол цалин тэтгэврийн ч мөнгө алга. Өрөө дармаар, дараа нь өөдөлж дэвшмээр. Ингэхийн тулд гэсэн арга мухардсан арчаагүй учирлал урьдынхаараа...
Тавантолгой хөдлөх юм байна. Яаж гэдэг нь Хятад, Японд өрнөсөн төрийн хоёр томын холбоо айлчлалын дараах өрнөлөөс харагдах бололтой.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Эх сурвалж: Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/474824.htm
Сэтгэгдэл