Шадар сайд У.Хүрэлсүх шийдвэрийн хариуцлагыг хүлээж малчдын хохирлыг барагдуулах уу


Шадар сайд У.Хүрэлсүх шийдвэрийн хариуцлагыг хүлээж малчдын хохирлыг барагдуулах ууЭнэ сарын 6-ны өдөр Шадар сайд мэдээлэл хийх үеэрээ  "Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй. Тиймээс адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болгож байна" гэсэн юм. 

 

Гэвч монголчууд молор эрдэнэ гэж дээдэлдэг морио харийнхнаас дутахааргүй үзэж  "хог” шиг  хандах болсоныг өнөөдөр Бичигтийн боомт дээр гацсан олон адуу  гэрчилж "асуудал" боллоо.   Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас адууг амьдаар нь экспортлохыг хориглосон захирамжийг 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд гаргасан билээ.

 

Шадар сайд У.Хүрэлсүхийн шийдвэр малчдад гэнэтийн цохилт болж өнөөдөр хохирол амсахад хүргэжээ.

Эл захирамжийг  БНХАУ-руу адуу экспортолдог аж ахуй нэгжүүд зөрчин, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод амьд адуу тээвэрлэн очжээ. Улмаар хилээр нэвтрүүлэхгүй хориглосноос үүдэн олон адуу үхэж, хоргодох болсон байна.Бичигтийн боомтод 1000 гаруй адуу гацсан гэх мэдээлэл бий. Тус аймгийн МХЕГ-аас машин тутамд хоёроос гурван адуу үхэж байна гэж байсан юм.  

 

Монгол адууг амьдаар нь БНХАУ, Казахстан гэсэн хоёр л улсад экспортолдог аж. Сүлдэндээ хиймортой энэ амьтныг экспортод гаргах санамж бичигт ХХААХҮ-ийн яам, БНХАУ-ын чанар хяналт хорио цээрийн байгууллагын төлөөлөгчид 2008 онд  гарын үсэг зуржээ.  Үүнээс хойш жилд дунджаар 3-6 мянган адуу, хамгийн ихдээ  7 мянган адуу  экспортолсоор ирснийг албаны хүн хэлж байна.

 

   Малчдын хохирлыг  Шадар сайд У.Хүрэлсүх хариуцах уу

 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд 56 мянган адууг амьдаар нь экспортолсон байх юм. Тэд ийм зарчмаар хил давсан ихэнхи адууг БНХАУ-руу экспортолжээ. Ингэхдээ нэг машины тэвшинд 30-40 адуу ачдаг байна. Хол замд олноор нь шахаж ачсан адуу дарагддаг, олон хоног өвс тэжээлгүй явснаас өлддөг, замын энхэл донхолд бэртэж үрэгддэг аж.

 

Ер нь ч Монголчууд 1960-1970-аад оны үеэс адуугаа амьдаар нь гадаадад гаргаж эхэлсэн түүх бий. Тухайн онуудад ОХУ-руу вагонд ачин цанатын баазаар жилд 10 мянга орчим адууг амьдаар нь гаргадаг байсан тоо баримттай.

 

Бичигтийн боомтод гацсан адуун сүрэг амьдаараа тарчилан үхэж буй талаар өр өвтгөм дүр зураглалыг "өдрийн сонин”-ыхон нийтэлсэн байв. Нийтлэлээс харвал У.Хүрэлсүх сайдын энэ гэнэтийн шийдвэр малчид, ченжүүдэд хохиролтой туссанаар бухимдлаа  "адуу"-нд гаргасан байх юм.

 

Тодруулбал, боомтод байрлаж буй иргэдийн хэлж буйгаар "Энэ хэдэн үдгээрийг Хятад руу гаргачих юм бол ажлын хөлс мөнгөө аваад явчихмаар байдаг. Гэтэл хилээр гаргахгүй гээд шийдвэр гаргачихлаа. 20 хоног энд хийх ажилгүй зогслоо. Энэ хэдэн адууг ачсанаас болоод баларч байна. Хамаг ажлаа алдаад 20 гаруй хоночихоор хэний ч гэсэн уур хүрнэ биз дээ. Бид ардаа амьдралтай хүмүүс шүү” гэснийг энд ишлэе. Түүнчлэн олон үхсэн адууг  хог ачиж буй мэт машин дээр ачин хаяхаар явж буйг ч дээрх нийтлэлд дурджээ.

 

Энэ сарын 10-ны өдөр дээрх адуун сүргийг  "Мах маркет” руу нядалгаанд явуулах шийдвэр гаргаж олон нийтийн анхаарлын төвөөс түр холдуулсан. Гэвч малчид эсэргүүцлээ илэрхийлээд байна.

 

Өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр  Ховд  аймгийн баруун гурван сумын малчид зудын эрсдэлээс гарахын тулд адуугаа зарж байгаа тул дээрх шийдвэрийг эсэргүүцсэн юм. Тухайн сумдын малчид 700 орчим адуу аж ахуйн нэгжид гэрээгээр өгөөд, мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа аж.

 

Хэрэв холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэрийг хүлээвэл малчид хохирох магадлал өндөр гэнэ. Тиймээс ядаж улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий амьд адуу гаргадаг аж ахуйн нэгжийг бүгдийг нь биш юм гэхэд өвөлжилт хүндэрсэн цас зудтай сумдын малчдын адууг нэг удаа гадагшаа гаргах зөвшөөрөл олгож өгөх боломжийг нутгийн иргэд төр засгаасаа хүслээ.

 

Ченжүүд нэг удаад 500 саяын ашиг олдог

 

Тэгвэл  мал худалдаж авдаг ченжүүд малчнаас нэг адууг 450-500 мянган төгрөгөөр худалдаж авдаг аж. Харин авсан адуугаа урд хөршид нэг сая орчим төгрөгөөр борлуулдаг тухай албан бус мэдээ бий.  Манайд адууг амьдаар нь  экспортонд гаргадаг зөвшөөрөл бүхий 8-9 аж ахуй нэгж байдаг.  Энэ зөвшөөрлийг зөвхөн Монгол талаас олгодоггүй. БНХАУ-ын адууг нядлан бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компанитай гэрээ хийдэг.

 

Улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорио цээрийн байгууллага тухайн компанид адуу экспортлох зөвшөөрөл бүхий гэрчилгээг олгодог байна.  Зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нэг удаад дунджаар 500-1000 адуу амьдаар нь экспортолдог гэнэ. Ингэхлээр адууны наймаа эрхэлдэг ченжүүд нэг удаад 500 саяын ашиг олдог гэхэд хилсдэхгүй. Зарим тохиолдолд малын ченжүүд нэг удаад 2 мянган адууг амьдаар нь хил нэвтрүүлэх хүсэлтийг ч МХЕГ-т тавьдаг аж.

 

Хэдийгээр Шадар сайд У.Хүрэлсүхийн дээрх шийдвэр эх оронч боловч нөгөө талаар малчдынхаа эрх ашгийг бодолцож, урд хөрш рүү гаргаж байгаа энэ адуугаа дотооддоо худалдан авдаг байсан бол өнөөдөр байдал ингэж хурцдахгүй байсан биз.

 

24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.