Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.18/ үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

 

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

 

Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ.

 

 

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи дэмжсэн гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

 

Тухайлбал, төслийн 6.1 дүгээр зүйлийн "Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна.” гэсэн хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

 

Мөн төслийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг "1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй.

 

2.Яллагдагч  монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэн.

 

Төслийн 13.5 дугаар зүйлд "Энэ хуулийн 13.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурор хүсэлт гаргасан бол энэ зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг оролцуулахгүй.”, төслийн         22.1 дүгээр зүйлд "Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэсэн хэсэг нэмэх саналуудыг гишүүдийн олонхи дэмжлээ.

 

 

Төслийн 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулсан. Ингэснээр дээрх хэсэг "3охион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 10.1/Хүнийг алах/, 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/Хулгайлах/, 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/Мал хулгайлах/, 19 дүгээр бүлэг/Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.8/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах/, 20.9/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших/, 20.10/Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах/ дугаар зүйл, 29 дүгээр бүлэг/Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийг илрүүлэхээс бусад үндэслэлээр цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн өөрчлөгдөж байгаа юм.

 

Төслийн 34 дүгээр бүлэгт шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаахтай холбоотой зүйл нэмж оруулах санал олонхийн дэмжлэг авлаа.

 

Ингэснээр шүүх хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн        шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол, прокурор    хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол хэргийг прокурорт буцаахаар тусгасан бөгөөд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгахаар болж байна.

 

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

 

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

 

Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

 

Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт "Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн теслийг хамтад нь хэлэлцүүлж болно.” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт "Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.” гэж заасны дагуу "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэн боловсруулжээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

 

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” хэмээн өөрчлөн найруулахаар дээрх хуулийн төсөлд тусгажээ.

 

Харин тогтоолын төсөлд Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль  /Шинэчилсэн найруулга/,  Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан шүүх, прокурор болон холбогдох бусад байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд хуулиудыг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

 

Мөн дээрх хуулиудыг баталсантай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгажээ.

 

Дээрх хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын гишүүдийн дэмжлэгийг авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.