Сумын Засаг даргыг иргэдээс нэрийг нь дэвшүүлдэг байвал ямар вэ


Сумын Засаг даргыг иргэдээс нэрийг нь дэвшүүлдэг байвал ямар вэ

 

Өчигдөр АН-ын бүлэг ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар мэдээлэл хийхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ч мөн санаа бодлоо илэрхийлсэн.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн өөрчлөлтөд "Сумын даргыг иргэдээс сонгодог болох ёстой” гэж үзэж байгаагаа энэ үеэр хэлэв. Мэдээж энэ бол хувь гишүүний гэхээсээ илүүтэй бүлгийн байр суурь байх.  Гэхдээ энэ бол шинэ сэдэв биш, өмнө нь ч яридаж байсан асуудал. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж буй 6 сэдвийн нэг нь "Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага”-ын тухай асуудал юм.

 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нийслэл, хотод, аймаг нь сум, хот, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдахаар хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор төсөлд тусгаад буй.

Энэ дундаас иргэдийнхээ амьдралд хамгийн ойр байдаг орон нутгийн засаг захиргааны нэгж нь сум, баг мөнөөс мөн.  Үндсэн хуулийн заалт ёсоор сум нь  "хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”. Иргэдэд хамгийн ойр байдаг, орон нутаг, хүмүүсийнхээ аж амьдралыг өдөр тутам бодитор мэдэрч байдгийн хувьд сумын Засаг даргад төрийн төлөөллийг хамгийн оновчтой байдлаар хэрэгжүүлэх боломж бололцоо нь харьцангуй их. Өөрөөр хэлбэл гаргасан шийдвэр нь иргэд орон нутагтаа шууд тусгалаа олж байдаг гэсэн үг. Хотын хөгжил хорооноосоо гэдэг шиг орон нутгийн хөгжил сумаасаа эхэлнэ.

Сумын Засаг дарга сайн саар аль ч талаараа орон нутгийнхаа иргэдийн хараа хяналтад байнга өртөж байдаг, ажлын цаг нь дөрвөн хананы дунд гэхээсээ илүүтэй амьдрал дунд өрнөдөг гэдгээрээ онцлог. Хүнээ таньж газраа мэдэж, орон нутгийнхаа асуудлыг алган дээрээ юм шиг харж чаддаг нь тэдний давуу тал. Харин тэглээ гээд тэр бүр оновчтой шийдвэр гаргаж, орон нутгаа цойлуулж чаддаггүй нь бас нэг зовлон нь. Санаа байвч сачий хүрэхгүй гэдэг шиг. Ихэнхдээ хөрөнгө мөнгөний гачлантай ч гэлээ Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бас шууд хамааралтай байдаг. Бас л тэднээс хараат, албан тушаалын томилгоогоороо барьцаалагдчихсан гэж  тодотгож болно. Хэнийг Засаг дарга болгох нь сумын Иргэдийн хурлын эрх дархын асуудал болчихсон,  дээд шатны Засаг дарга бол батламжлахаас хэтрэхгүй.

Сумын Засаг дарга сайн саар аль ч талаараа орон нутгийнхаа иргэдийн хараа хяналтад байнга өртөж байдаг, ажлын цаг нь дөрвөн хананы дунд гэхээсээ илүүтэй амьдрал дунд өрнөдөг гэдгээрээ онцлог. Хүнээ таньж газраа мэдэж, орон нутгийнхаа асуудлыг алган дээрээ юм шиг харж чаддаг нь тэдний давуу тал.

Сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ  мөн л намын харьяаллаар талцан хуваагдаж, байнгын маргаан дагуулах болсон. Ялангуяа хүн ам цөөнтэй суманд  энэ асуудал бүр ч олон  давтагддаг.  Ийм шалтгаанаар бүтэн дөрвөн жил сумын засаг даргагүй өнгөрүүлсэн тохиолдол ч гарч байжээ.

Иймээс өмнө яригдаж байсан төслөөр бол сумын засаг даргад нэр дэвшүүлэх бүрэн эрхээ ИТХ эдлэхдээ тухайн сумын нийт иргэдийн оролцоотой сонгон шалгаруулалт хийж байх тухай санаа орж байсан юм. Хуулийн заалтад шууд ардчиллын элементийг оруулж байгаа нэг хэлбэр гэж үүнийг тодотгож болох юм.

Эдүгээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад энэ талаар иргэд байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Тухайлбал, Ховд аймгийн Мөст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Цэдэнбал "Сум, багийн Засаг даргыг сонгохдоо ард иргэдээс нэрийг нь дэвшүүлэх шаардлагатай байна. Тэгж байж хэн нэгний томилгоогоор дарга сонгодог энэ жишгийг халах учиртай хэмээжээ.

Бодит амьдрал дээр сумын Засаг дарга нутгийн иргэдийнхээ өмнө үүрэг хүлээж, хариуцлага үүрдэг. Ажлаа тэдэнд тайлагнадаг. Нөгөө талаасаа нутгийнхан бие биеэ удам угсаагаар нь таньж мэддэг болохоор хэн тэдний итгэлийг дааж ажиллах вэ гэдгийг ёстой "марксизмаар ч заалгуулахгүй” хэлж чадна. Яг энэ өнцгөөс нь ингэж харах юм бол Сумын Засаг даргыг иргэдээс нэрийг нь дэвшүүлж  сонгоно гэдэг бол зөв хандлага.  Төрөө та мэд, төлгөө бид мэдье гэдэг шиг орон нутгаа хэнээр удирдуулахаа сумын иргэд нь мэддэг байхад буруудах юун.  

Гэхдээ үүнийг дагасан сөрөг тайлбар, хийсвэрлэл явдаг. Хэрэв Засаг даргыг энэ жишгээр сонговол аль  ах дүү, амраг садан олонтой нь Засаг даргаар сонгогд­­­­чихоод тэднийхээ төлөө ажиллана гэсэн болгоомжлол байдаг. Энэ ч бас оргүй хоосон зүйл биш. Хүн ам цөөнтэй сумын иргэдийг тухайн нутгийн 2-3 том ургийнхан бүрдүүлэх нь бий. Асуудал ийм хоёр талтай ч алтан дундаж гэж байх ёстой. Нутгийн иргэд санал болголоо ч гэсэн Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг гэж энд буйг санах хэрэгтэй болох байх. Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах, ингэхдээ нутгийнханд бас боломж олгох явдал юм.

 

П.Булган


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.