Байгаль сүйтгэгч Ц.Гарамжав хатагтайд төр түшилцэх эрх бий юу


Байгаль сүйтгэгч Ц.Гарамжав хатагтайд төр түшилцэх эрх бий юуАлтыг нь аваад авдрыг нь хаясан жишээ Заамарт хэдэн зуугаараа. Өрмийг нь аваад хусмыг нь хусчихсан нүд халтирам дүр зураг Заамарын шаргал хөндийд тоолохын эцэсгүй. Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Монполимет” компанийг мэдэхгүй хүн ховор биз.

Эмх замбараагүй хөрс, усны гамшиг дунд үйл ажиллагаагаа тасралтгүй 20 гаруй жил явуулж байгаа Монполиметийнхан 228 га талбайд 66 мянган мод тарьсан юм байх. Таван зүйлийн төгөл, нэг том нуур байгуулсан гэнэ. Сайн жишээ. Сайн ч ажил. Цаг төр бүрхэг байсан 1994 оноос эхлэн уул уурхайд эмэгтэй хүнээс гарамгүй зориг зүрх гарган уулын ажлын хүндийг арьс махаараа туулсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хувь тавиланг магтаж болох ч уучлаарай гишүүнээ, уурхайн үйл явцыг газар дээрээс нь нүдээр очиж харсан хүний хувьд дуугүй сууж, чимээгүй өнгөрч боломгүй зүйл нэг бус нэлээд байна. Тухайлбал, Туул голын тэхий дунд ажиллах дөрвөн давхар байшинтай тэнцэх хэмжээтэй усны "мангас” драг.

Алтаа ухах, угаах, ялгах зэрэг бүх ажлаа өөрөө гүйцэтгэдэг дөрвөн давхар байшинтай тэнцэх хэмжээтэй усанд хөвөгч энэхүү техникийг нутгийнхан "мангас” гэх юм билээ. Мангасаар нь дуудахаас ч аргагүй, эрхэм гишүүний эл сонголт уул уурхайн салбартаа хамгийн хоцрогдсон, байгальд ээлгүй технологи гэнэ. Байгаль хорлон сүйтгэгч энэхүү драгийг эрхэм гишүүн эдүгээ 4 дэх жилдээ ашигласаар байгаа нь дэндүү увайгүй хэрэг. Өнөөх "урт нэрт” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль Гишүүн таны үүсгэн байгуулж удирддаг компани дээр яагаад хэрэгждэггүй юм бэ.

Гүний болоод хөрсний усаар тоглогч Монполиметийн драгуудын балаг ундны усанд заналхийлээд хэдийг хүртэл ажилласаар байх вэ. Туул голын голдирол өөрчлөгдөх, бохирдолтынх нь хэмжээ нэмэгдэж, урсац нь өвдөгөөр татах төдийхөнд очсон нь Ц.Гарамжав гишүүний драгуудтай тодорхой хэмжээгээр холбоотой нь хэнд ч ойлгомжтой. Ундны ус бохирдуулж, иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, цаашлаад улс үндэснийхээ аюулгүй байдалд ноцтой аюул учруулж буйнхаа төлөө эрхэм Ц.Гарамжав та УИХ-ын гишүүн байх эрхгүй санагдана.

            Ган, зуд болдоггүй байсан Заамарт цаг агаар, хөрс ус, хүн малгүй туйлдчихаад байгааг эрхбиш та дуулсан байлгүй. Цагаан шороо босч шуурдгаас болж тоосжилт хэрээс хэтэрсэн. Үүл буудахгүй л бол бороо орохоо больсон. Ургамлын гарц муудаж, үхэр мал цаанаа л турьгүй болсоор хэдэн он улирав. Туул уйлж арван салаа болон урсац, голдирол өөрчлөгдсөөр байна. Голдирол өөрчлөгдсөн учраас хэмжээ нь ч багасав. Товчхондоо энэ нутгийн эх байгаль унаган төрхөө гээж дайны дараахь үхмэл дүрийг олжээ. Үндэсний томоохон аж ахуйн нэгж, улсын алтны сан хөмрөгт тушаасан эрдэнэсийнхээ тоогоор толгойд бичигддэг "Монполимет”-д зогсох цаг бий юу...  

Цагтаа энэ сайхан нутагт 80 төрлийн эмийн ургамал ургаж, бугын сүрэг бэлчээрлэдэг байсан гэдэг. Харамсалтай нь, "Алт-1” хөтөлбөрийн ашиг гараагүй, балаг нь дуусаагүй байхад "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоолоор Заамар сумын нутаг дэвсгэрт 21 мянган га талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул хийх зөвшөөрөл олгосон байна. 27 жил халуун хэвлийгээ ухуулсан байгаль эх цөхрөнгөө барж, газар лус хэдийнэ хилэгнээд эхэлсэн байгааг эрхэм гишүүн танаа сануулъя.    

М.МӨНХТУНГАЛАГ

dorgio.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.