“Нарийн гол гоулд”-ынхныг яах ёстой вэ Ж.Батжаргал дарга аа?


 
 “Нарийн гол гоулд”-ынхныг яах ёстой вэ Ж.Батжаргал дарга аа?

Ц.МЯГМАРБАЯР                                           

Төв аймгийн Заамар сумын Нарийн гол хэмээх газарт ган, зуд болдоггүй өнтэй сайхан нутаг аж. Гэвч гурван жилийн өмнөөс уул уурхайн замбараагүй олборлолт явуулж эхэлсэн байна. н.Мижиддорж эзэнтэй "Нарийн гол гоулд” компани тус суманд уул уурхай эрх­лэх зөвшөөрөлтэй гэх ямар ч бичиг баримт­гүйгээр үйл ажиллагаа явуулсаар байгаа аж. Малчдын хүсэлтийн дагуу есдүгээр сарын 23-ны 21:00 цагийн үед сумын ИТХ-ын төлөөлөгч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, малчдын бүрэлдэхүүнтэй тус уурхайд очлоо. Тэнд гурван усан буу зоож, алтаа угааж байгаатай таарав. Уурхайн дарга н.Жаргалсайхантай хөөцөлдсөөр арайхийн нүүр тулсан юм. Ингээд бичиг баримтыг нь шалгахыг хүсэхэд хэл амаар доромжилж байлаа. Дараа нь тусгай зөвшөөрлөө үзүүлэхээр болсон хэдий ч 40 минут хүлээлгэлээ.


Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Буянхишиг "Энэ компанийн тусгай зөвшөөрөл нь н.Баасанханд, н.Туяа, н.Мижиддорж нарын нэр дээр наймааны хэлбэрээр явж байдаг” гэв. Хэдийгээр н.Баасанханд нь үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч газар дээр нь очиход гортиг татаж, хамгаалалтын шовгор босгон уурхайн баазаа байгуулсан байв. Түүнчлэн газраа ухаж, чулуугаа тээрэмдэхээр бэлтгэжээ. Тээрэм байгаа болохоор цианит натри, мөнгөн усаар алтаа угаах нь тодорхой гэдгийг байгаль хамгаалагч Б.Цэнд-Аюуш хэллээ. Тус суманд 2012 онд өвөлжөөний газар 10 сая төгрөгт хүрдэг байсан бол одоо 100 сая төгрөг болжээ. Тиймээс өвөлжөөний газраа хамгаалж чадахгүй байгаа учраас аргагүйн эрхэнд зарж байгаа тухай малчид ярилаа. Нэгэнт малаа бэлчээх газаргүй болсон учраас уурхайд ажиллаж байгаа гэх малчидтай ч  таарсан юм.


"Нарийн гол гоулд” компани 2012 онд ашиглалтын 6364, 7400 гэсэн тоот лиценз авсан  ч уулын ажлын болон байгаль орчны ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй, ус болон газар ашигласны нэг ч төлбөр суманд төлөөгүй атлаа ийн гурван жил үйл ажиллагаа явуулжээ. Саяхан БОАЖЯ, АМГТГ, аймгийн байгаль орчны улсын байцаагч сум орон нутгаас хамтарсан шалгалт хийсэн байна. Гэтэл 2015 онд сумаас гурван га газарт зөвхөн кемп барих зориулалтаар газар олгосон байтал уг газартаа олборлолт явуулж байсныг тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй гурван га газраа 15 га газар болтол нь тэлж ашиглаж байсныг баталсан аж. Тиймээс кемпийг хүчээр буулгахаар болоод байгаа тухай Заамар сумын Засаг дарга Б.Самбуу хэлэв. Ийнхүү гурван жил үйл ажиллагаа явуулж байгаа компанийн зөрчлийг илрүүлсэн ч Төв аймгийн удирдлагууд зогсоож чадахгүй явсаар өдий хүргэжээ. Харин  тус сумын Засаг дарга захирамж гаргаж кемпийг нь буулгуулахаар хуулийн байгууллагад  хандсан.

 

Мөн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Заамар сумын ИТХ-аас тогтоол гарч аймгийн ИТХ-д хүргүүлсэн тухайгаа хэлэв.  Хууль дүрэмд захирагддаггүй "Нарийн гол гоулд” компанийг салбарын яам нь нарийн шалгахыг нутгийн иргэд шаардаж байлаа. Учир нь тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь алтны судал багатай юм байна. Харин тэдний кемпээ байгуулсан Цагаанчулуут хэмээх газар алтны судал ихтэй ажээ. "Тус компанийнхан Цагаанчулуутыг доогуур нь ухаж байгаа. Ихэнхдээ шөнийн цагаар олборлолт явуулдаг. Яагаад гэвэл, шөнө дөлөөр портерууд нь ачилт хийдэг” хэ­мээн нутгийн иргэн Г.Эрдэнэцогт ярьсан юм. Кемпийн зориулалттай газрыг тэлж ашигласан гэхээр нөөц ихтэй газарт шунасан байх  магадлалтай гэдгийг ч мөн тэрээр онцолж байв.


Нарийн гол нь 30 км-ийн урт, 10 км-ийн өргөн арал үүсгэн урсдаг байжээ. Гэвч уул уурхайн харгайгаар ширгэсэн тухай нутгийнхан халаглав. Ширгэсэн газраа тухайн үеийн удирдлагууд Булган аймгийн Баяннуурын тэ­жээлийн аж ахуйд өгчээ. "Одоо ган болоход буух газаргүй болсон, биднийг Баяннуурынхан хөөдөг” гэж өндөр настан Д.Гантөмөр энэ үеэр хэлж байлаа.

Эзэнгүй төрийн эмгэ­нэл энэ суманд л байна.  Иргэд, малчдынхаа хүсэл зоригийг анхаарч, нэгдсэн бодлого барьж ажиллахгүй бол ямар дүр төрхтэй болдгийг Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй дээрх компани харуулж байна. Түүнчлэн "Нарийн гол гоулд” компанийн энэ байдал алт ухах сонирхолтой ир­гэд, компани, бичил уур­хайчдын шуналыг хөдөл­гө­сөн гэж хэлж болно. "Нарийн гол гоулд”- аас хойш Туул голын эрэг дотор болон Баянгийн адагт энд тэндгүй, өдөр шөнөгүй алт олборлож, малчдын амгалан тайван амьдрах эрхэд халдаад зогсохгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байгааг нутгийн иргэд мэдээлж байлаа. Тэд энд үүссэн эмх замбараагүй явдлыг зогсоож өгөхийг хүссээр… Гэвч үүнд аймгийн засаг захиргааны зүгээс ямар ч арга хэмжээ авсангүй хэмээн малчид ярьж байгаа юм.


Тус нутагт сайн дураараа байгуулсан 10 орчим бичил уурхайн нөхөрлөлд орхиод явсан үүсмэл шороон ордод зөвшөөрөл олгосон хэдий ч нутгийн иргэдээс илүүтэй гаднаас ирсэн уурхайчид ажиллаж буй гэнэ. Тэд ус ашигласны болон уулын ажлын төлөвлөгөөгүй, тэр ч бүү хэл голын гольдролоос 200 метрийн зайд ашигт малтмал эрж, хайх, олборлохыг хориглосон заалтыг зөрчиж Туул голд алт олборлож эхэлсэн зөрчил ар араасаа гарсаар… Алт үнэд орсон сургаар техникжсэн бичил уурхайчид нэрийн дор "нинжа”-нууд ч иржээ.Тухайлбал, Заамар сумын Баянгийн амны адагт голын гольдрол дотор, эрүүл газарт техникийн хү­чээр алт ол­бор­лоод эхэлжээ. . Шалт­гал­таар очиход ямар ч зөв­шөө­рөлгүй, хэн гэдэг иргэн ол­бор­лож байгаа нь мэдэг­дэхгүй, шаардлага тавихаар зугтаж алга болдог хэмээн сумын удирдлагууд хэ­лэв.

 

Мөн техникийг нь хурааж, лацадсан ч хууль бусаар ажиллах байдал газар авсан гэж Байгаль орчны байцаагч Б.Цэнд-Аюуш ярив. Энэ мэтчилэн хууль бусаар алт олборлох, газар нутгийг сэндийчих явдал гаарсаар байгааг дахин онцолъё. Дашрамд дурдахад, Төв аймгийн удирдлагууд хууль зөрчсөн эдгээр зөрчлийг арилгах нь байтугай өөрсдөө нутгаа зараад сууж байгааг өмнөх нийтлэлдээ онцолж байсныг эргэн сануулъя.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.