Ц.ЖАРГАЛСҮРЭН
Хүчирхийлэл хүчирхийллээс эхэлдэг гэсэн нэгэн үгийг хэн нэгэн ухаантан онож хэлсэн бий. Энэ үгийн учрыг тунгааж үзвэл гэр бүлийн хүрээнд эхнэр нь хэрүүл өдөж улмаар нөхөр дэлсээд авсантай дүйлгэж ойлгох гэж оролдлоо.
Хүчирхийллийн эхлэл энэ биш юм аа. Монголын нийгэмд бодитойгоор бий болчихоод байгаа хүчирхийлэл бүх л салбарт өсч үржиж байна гэдэгтэй маргах нэгэн байхгүй биз. Тэр ч байтугай хэл үг, хэрүүл зодооноос гадна хуулийн, албан тушаалын, бүлэглэлийн, бэлгийн гээд бас бусаар бусдыг хохироодог хүчирхийлэл их болсон цаг дор бид амьдарч байна уу даа гэж бодогдох.
Хүчирхийлэл хаанаас эхэлдэг вэ? гэсэн асуултад хариулахын тулд бүр энгийн логикоор жишээ авъя л даа. Гол мөрний усны эх уулнаасаа байдгийг санахад л болно гэмээр. Тийм болохоор манай нийгэмд бугших маягтай болсон хүчирхийлэл дээрээс буюу улс төрөөс эхлэлтэй гэж хэлэх гээд байна л даа.
Улс төрд хүчирхийлэл хэрхэн бий болсныг сүүлийн жилүүдийн улс төрийн амьдралаас тольдон харвал тун тодорхой байгаа гэж болно. Сонгууль ямар болдог билээ. Дараа нь ялсан нам гэдэг улс төрийн хүчин хэрхэн ажилладгийг сана. Тэр дотроос УИХ-д олон суудал авсан намын нөхөд цөөнхөө хүчирхийлж буулган авч байдаг. Хүчирхийлэгч хүчин асуудлыг шийдвэрлэхдээ өөрсдийн эрх ашигт нийцүүлж чаддаг. Ардчилсан намынхан төр, засгийн эрх мэдлийг атгаж байхдаа улс төрд хүчирхийлэл гэдгийг цэцэглүүлэн хөгжүүлсэн.
Тэгвэл одоо 65 суудлыг нь авсан МАН гайхамшигтайгаар тэр дүр зургийг үргэлжлүүлэн зурж байна. Тийм ээ. Улс төрд давуу хүчтэй хэсэг нь сөрөг талынхнаа илэрхий та нар цөөнх шүү гэж байгаад асуудалд хүчлэн ханддаг нь байнгын болсон. Алдаагаа соёлтойгоор тайлбарлаж байгаа нь тэр юм даа. Олонхийн санал яллаа гэж хэлдэг. Хохирогч нь УИХ дахь цөөнх буюу АН-ын хэд. Энэ харьцаа бол хүчний хэт давамгай чадлаа ашиглаж байгаа улс төрийн хүчирхийлэл мөнөөс мөн.
Бас УИХ-ын гишүүн болон өндөр албан тушаалтнуудын хүчирхийлэл "газар авсан” гэж болноо доо. Тэрнийгээ хамгаалсан хууль дүрэмтэй нь улс төрийн хүчирхийллийн зэвсэг нь болдог юм.
Энд бас жишээ хэлье. Төрийн түшээ хүнийг гэмт хэрэг үйлдсэн ч хайхрахгүй байх заалт УИХ-ын тухай хуульд бий. Энд ямар заалт байдаг вэ гэвэл УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхгүй болохыг хуульчилсан байсан. Уг заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн явцуу юм гэдгийг хуульчид, иргэд олж мэдээд Үндсэн хуулийн цэцэд хандсанаар сая УИХ-ын гишүүдийн үнэний эсрэг барих ганц хамгаалалт болсон хуулийн заалт хүчингүй боллоо.
Цэц тун оносон шийдвэр гаргалаа гэж олон түмэн харж байна. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр УИХ-ын гишүүн, иргэн хүн хуулийн өмнө тэгш эрхтэй болж байгаа юм. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж болохгүй гэх хуулийн заалтын ард гэмт хэргээс нуугддаг гэм буруу хаацайлагдаж байсныг өмнө нь ч ярьдаг л байсан. Нэрт нийтлэлч Б.Баабар энэ тухай оноож хэлэхдээ "Өдгөө УИХ нь гэмт хэрэгт холбогдсон цөөн биш хүний орогнох, шударга шүүхээс зугатаах газар болж хувирчээ” гэсэн байдаг. Яг л даа. УИХ-д одоо түшээлж суугаа нөхдийн дунд улсын хөрөнгө зувчуулсан, ашигласан нөхөд бий. Оффшорчид ч байгаа. Бүр осол аваарь хийж хүний амь насны хэрэгт холбогдсон, бүр байчихаад бэлгийн хүчирхийлэл үйлдэгч ч нуугдах гэж оролдсоор байна.
Нэг л жишээ. УИХ-ын гишүүн гэдэг ариухан нэрийг шавартай хутгачихаад байгаа нэг нөхөр бол Д.Гантулга. Хүчингийн хэрэг үйлдсэн нь бараг нотлогдоод прокуророос түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхээр болчихсон байгаа. Үндсэн хуулийн цэцийн саяын шийдвэр уг асуудлыг шулуутгаж бүрэн эрх нь түдгэлзүүлсэн эсэхээс хамаарахгүй мань хүнд шүүхийн хаалга нээчих шиг боллоо. Уг нь хохирогч талын гомдол бас дээр нь өөрийнх нь ам алдалт яалт ч үгүй гэмтэн болж таараад байгаа юм.
Гэтэл энэ залуу яагаад түшээгийн түшлэгтэй сандалтай зууралдаад байсан бэ гэвэл нөгөө л халдашгүй эрх гэдэг хуулийн заалтыг бамбай болгож өдий хүрлээ. Уг нь хүндээ хөнгөнөөс өгөх боломж байсан болов уу. Ёс зүйтэй зан гаргасан бол өөрийн саналаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхийг санаачлах арга замтай баймаар. Тэгвэл харласан нэр хүндээ бага ч атугай цайруулж мэдэх л дээ.
Гадны жишээ олон бий. Хаанахын билээ нэг яамны сайд эмэгтэйн гуянд гар хүргэснээсээ болж сайдаасаа огцорсон мэдээ содон байсан. Бас АНУ-ын Конгрессын дээд танхим буюу сенатад Ардчилсан намаас нь сонгогдсон Эль Франкен гэгч радиогийн хөтлөгч, нэвтрүүлэгч эмэгтэйг зөвшөөрөлгүй үнсэж биед нь хүрсэн гэж буруутгагдсаны улмаас сенатын гишүүнээс огцрох хүсэлтээ гаргаад байгаа гэнэ.
Гэтэл манай гишүүн саунаар зочилж, айлд хоночихоод би гэмтэн биш гээд суугаад байдаг. Энэ мэтээр ер нь УИХ-ынхан, улстөрчид асуудал хүндрэх үед хуулийн заалт тийм гэсэн үгээр далайлган бусдын амыг хааж байна.
Энэ бүхэн улс төрийн хүчирхийлэл бөгөөд дээд шатныхны буруутай үлгэрлэл бусдад нялзахгүй байхын арга алга л даа. Нөгөө талаар хүчирхийлэл хүчирхийллээс үүсдэг нь бас төр, засгийн шийдвэрийн алдаа нөлөөлдөг. Буруу хууль, шийдвэрийг эсэргүүцэж жагсаал цуглаан хийх, ажил хаях зэрэг нь олон түмний дургүйцэл туйлдаа хүрснийх. Үүнийг ард олны зүгээс үзүүлж байгаа хүчирхийлэл ч гэж тайлбарлаж болох юм.
Ер нь хүчирхийлэл бол ямар нэг хүчирхэг ялагч байгаагийн илэрхийлэл биш. Харин сул доройчуудын үйлдэл байдаг ч байж мэднэ. Цагдаа, хуулийнхан хүчирхийллийн хэргийг мөрдөхдөө уг үйлдлийг хэн нь эхэлж өдөөсөн бэ гэж асуухыг голчилдог. Тэгвэл энэ нь зөв биш. Аливаа хүчирхийлэгчийн эхнэр нь өөрөө элдэв бурууг хийдэг байвал "За эхнэр чинь тийм юм бол зодох чинь зөв” гэсэнтэй агаар нэг. Энэ санаанд нийцэх хууль гэж байхгүй шүү дээ.
Бас нэг санаа хэлэхэд хүчирхийллийг хууль чанга байснаар таслан зогсооно гэж ярьдаг хүн байдаг. Энэ нь бүтэшгүй юм. Гэр бүлийн хүчирхийллийн хууль хэрэгжиж эхэлсэн ч үр дүн тийм харагдацтай байгаа юм гэж үү дээ. Хуулиар хүчирхийлэгчийг болж л өгвөл хорихоор болсон заалттай. Арав, хорь хоногоор хориод эхэлсэн бий. Тэгтэл амьдралд хүчирхийлэл тийм ч багассан харагдахгүй байгаа л даа. Яг үнэнийг хэлэхэд нөхөр нь эхнэрээ зодоод баривчлагдан хоригдов. Хэд хоногийн дараа гарч ирээд нэг согтуурахдаа "Аа чи муу намайг дахиад хориулаарай” гээд л гар далайна. Амьдрал ийм л байгаа.
Хуулийн хүчирхийллээр ахуйн хүчирхийллийг зогсооно гэж лав худлаа юм шиг.
Тэгэхээр яах вэ гэвэл энэ нийгмийг бүр дотроос нь өөрчлөх хэрэгтэй байна. Архидалт, янхандалт, хар тамхины хэрэг, хулгай луйвар зэргээр мөнгөнд дөнгөлүүлсэн энэ цаг үед яах ёстой вэ гэвэл монгол зан үйл, дадал заншилд тулгуурлан хүчирхийлэл үйлдэгчтэй олигтой зөв аргаар ажиллахгүй бол зөвхөн хохирогчийг хамгаалах тухай их яриад, хэдэн мянган өмгөөлөгч бэлтгээд ч хүчирхийллийг зогсоож чадахгүй болов уу. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд "Зан үйлийн албадан сургалт”-д иргэдийг хамруулах заалт орсон нь сайн юм. Сурган хүмүүжүүлэх ухааны хувьд хүний сэтгэл зүйн өөрчлөлт дунджаар хоёр жил гэж үздэг бол манай өнөөгийн буруудсан нийгмийн хандлага, хоцрогдлыг засахад 20-30 жил ч багадана гэмээр байна. Эцэст нь хэлэхэд энд онцлоод байгаа улс төрийн хүрээн дэх хүчирхийллийг үгүй болгох нь зөв эхлэл байж магадгүй. Дээрээс бууж ирэх буруу үлгэрлэл засагдвал олон түмний дунд, жирийн амьдралд үүсээд байдаг элдэв хүчирхийлэл устдаггүй юмаа гэхэд багасана гэсэн бодол байна.
Ер нь бол улс төрд хүчирхийлэл огтхон ч байж болохгүй ээ. Байгаа учраас л нийгэмд гай тарьж бусдад муу нөлөө үзүүлээд байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл