Хуучин танилын шинэ төрх буюу Казакстаны хөгжлийн хурд


Хуучин танилын шинэ төрх буюу Казакстаны хөгжлийн хурд

 

Казакстан улс оны өмнөхөн Ази Европыг холбосон төмөр замын өөрт оногдох хэсэг буюу  нийтдээ 3000 км  урт төмөр замыг барьж дууссанаа зарлав. Сүүлийн 10 гаруй жил хэрэлдэж хэлэлцсэн ч барьж байгуулж чадаагүй, одоогоор овоолсон шороо төдийхөн байгаа  Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 270 км төмөр замын эмгэнэлтэй  бөгөөд инээдэмтэй гэмээр хувь тавиланг эргэн санах шалтгаан дээрх мэдээ болов. 3000 болон 270 км урт төмөр замын хэмжээ царыг харьцуулах нь угаас утгагүй. Гэхдээ энэ нь  монголчуудын хөөрхийлөлтэй байдлыг илүү тодоор илэрхийлж буй хэрэг.

Өдгөөгөөс 20 гаруйхан жилийн тэртээ Монгол Казакстан хоёр аль ч талаараа ижилдүүхэн, нэг тэрэгний хоёр "дугуй”  гэдэг шиг хамтдаа өнхөрч байв. Харин одоо Казакстан эдийн засгаараа  төв Азидаа тэргүүлэх гүрэн болсон  төдийгүй  Итали, Францыг хэдийнэ гүйцэж түрүүлээд байна. Тэд бол бидний хамгийн ойрын гурван хөршийн маань нэг.

Өнгөрсөн түүхийн цаг хугацаа руу эргэж нэг өнгийвөл Казакстан 1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс хамгийн сүүлд өрх тусгаарлаж байв. Товчхондоо тусгаар улсын түүх нь энэ цаг хугацаанаас хэмжигдэнэ.  Гэвч тэд эдийн засгийн хөгжил, тусгаар улсын төлөвшил, зангараг, олон улсад эзлэх байр суурь, нэр хүнд,  төрийн ёс зүй, амьжиргааны түвшин  гээд олон үзүүлэлтээрээ Монголыг хол орхисон, суудал зиндаа нь улам бүр өгссөөр байна.  Нэг ёсондоо бид байрандаа дэвхцэж, тэд бариа руу хурдалж яваатай адил.

Вашингтоны хамгийн том аналитик төвүүдийн нэг болох "Heritage Foundation"-ээс хоёр жилийн өмнө  дэлхийн 180 улсын эдийн засгийг үндсэн 12 үзүүлэлт дээр тулгуурлан "Эдийн засгийн эрх чөлөөний индекс’’ гаргахад Казакстан 180 орноос 42-т бичигдэж байв.

2017 оны үзүүлэлтээр «Doing Business» гэх олон улсын судалгааны байгууллага "Хөрөнгө оруулагч цөөнхийг хамгаалах” гэсэн ангиллаар Казакстаныг дэлхийн 190 орноос  нэгдүгээрт нэрлэсэн нь хөрөнгө оруулагчдад сайн мэдээ болж очиж байна. Энэ 2018 он тус улсын хувьд хөрөнгө оруулалтын  эрчимтэй жил байх бололтой.

Тус улсын ДНБ 429 тэрбум ам.доллараас дээш гарч, нэг хүн амд ногдох ДНБ нь 24.268 ам.доллар болсон /2 жилийн өмнөх тоо баримтаар/ бол харин эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж үзүүлэлт нь сүүлийн таван жилд 5-9 орчим хувь байгаа аж. Нэгэнт эдийн засгийн таатай суурь нөхцлөө бүрдүүлээд улс төрд нь шударга ёс  нутагшсан бол аливаа улсын хөгжил хэмнэл, энерцээ цаашид хадгалсаар байдаг. Казакстаны тухайд ч ийм нөхцөл боломж бий болсон.  

Казакстаны эдийн засгийн гол тулгуур нь манайхтай бараг ижил. Байгалийн баялаг, хөдөө аж ахуй. Гэхдээ ялгаатай нь "хуваарилалт нь шог биш”. Газрын доорхи баялгаа газрын дээрхи бүтээн байгуулалт, хөгжил болгож чадсанаараа утга учир, үнэ цэнэ нь оршиж буй.

Ер нь өнгөрсөн арван жилд ардчилсан биш удирдлагатай голлох томоохон орнуудын эдийн засаг хуучин ардчилсан орнуудаас дөрөв дахин илүү эрчтэй өссөн гэх мэдээлэл байдаг. Тэдгээрийн тоонд дангаар ноёрхогч Нурсултан Назарбаевын "эзэнт гүрэн” Казакстан ч  мөн дээгүүрт нэрлэгдэж байгаа юм.

2014 оны 11 дүгээр сард Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев ард түмэндээ хандаж "Нурлы Жол” буюу "Ирээдүйд хөтлөх зам”  гэсэн нэртэй үндэсний хөтөлбөрийг 2015-2019 онд хэрэгжүүлэхээ зарласан юм.

ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч  байсан тэр үед ирээдүйд улс оронд нь нүүрлэх тэр бэрхшээлийг сөрөн зогсох Н.Назарбаевын төлөвлөгөө буюу  "Нурлы Жол”-ын гол цөм санаа нь Казакастаны Алматы, Астаны, Актобе, Шымкент  болон  Усть-Каменогорск зэрэг хотыг бүс нутгийн орнуудын зах зээлтэй  холбох,   дэд бүтцийн маш өргөн сүлжээг байгуулах явдал хэмээн үзжээ.

Казахстанд БНХАУ-ыг ОХУ-аас гадна Европтой холбох ашигтай байрлал бий. Тус улс хэрэв дэд бүтцийн асуудлаа амжилттай шийдчихвэл ирээдүйд асар их хүчирхэгжих Азийн эдийн засгийн гол тоглогчдын нэг болно. Энэхүү дэд бүтцийг барихад 100 гаруй улс оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд  нийт өртөг нь 40 тэрбум ам.доллар, үүний 15 хувийг Казакстан дангаараа гаргах  тухай тэр үед мэдэгдэж байв. Энэ нь цаашид бүс нутгийн хэмжээний эдийн засгийг байгуулахад шаардлагатай дэд бүтцийг бий болгоно гэсэн үг юм.  Эхэнд өгүүлсэн 3000 км зам ч энэ хөтөлбөрийн нэг хэсэг нь юм.

Казакстан улс 2,6 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, 16,6 сая хүн амтай орон.. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1990-ээд оны дунд үеэр  улсын нийслэлээ  Алматы хотоос улсын төв хэсэгт нийслэлийг шилжүүлэх тухай шийдвэр гаргасан нь өнөөгийн Астана хот.  Астана хотыг  өрнөдийнхэн  "Төв Азийн Дубай” хэмээн нэрлэж байгаа  бол ЮНЕСКО-гоос  "Ертөнцийн хот” болгож зарласан. Тус хотод 2030 он гэхэд 1,2 сая хүн амьдрана гэсэн тооцоо байна.  

Казакстаны эдийн засгийн  гол тулгуур нь манайхтай бараг ижил. Байгалийн баялаг, хөдөө аж ахуй. Гэхдээ ялгаатай нь "хуваарилалт нь шог биш”. Газрын доорхи баялгаа газрын дээрхи бүтээн байгуулалт хөгжил болгож чадсанаараа утга учир, үнэ цэнэ нь оршиж буй.  

Тус улс  дэлхийн нефть олборлогч 10 том  гүрний нэг нь. Зарим нэг статистикээс харвал газрын тосны 4.0 тэрбум тонн тогтоогдсон нөөц, мөн үлэмж хэмжээний байгалийн хий бий. Түүнээс гадна тус улс дэлхийн томоохон уран үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд нөөцийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Мөн алмаз эрдэнийн экспортоос багагүй ашиг олдог.

Баялгийн орлогоосоо "Үндэсний сан”  байгуулсан бөгөөд энэ санд 2014 оны байдлаар 105 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө төвлөрсөн гэсэн мэдээ байсан юм даг. Томоохон хөтөлбөрүүдээ энэ сангаасаа санхүүлжүүлдэг.

Эдийн засгийн өөр нэг тулгуур нь хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан. Үр тарианы үйлдвэрлэлээр дэлхийд долоодугаарт бичигддэг.  Жилдээ  17,0  сая тонноос багагүй үр тариа экспортолж, хатуу валютынхаа нэлээдгүй хувийг үүнээс олдог.

Өнгөрсөн 2017 онд Казахстан улс "Экспо-2017” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулсан нь тус улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг илтгэсэн хэрэг болсон бөгөөд дэлхийн 100 гаруй улс орон оролцсон.  Манай Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид энэ үзэсгэлэнд оролцоод ирсэн. 

ОУВС  2017 онд тус улсын инфляцийг  7%  орчим байна хэмээн  таамаглаж байсан. Гэвч үүнээс ч бага буюу  6,2%-тай байлаа. Энэ нь монголчуудын мөрөөдлийн мөнөөх нэг оронтой тоо гэдгийг анзаарч байгаа байх.  

Монголчуудын өмнөх нийгмийн үед гар гараасаа хөтлөлцөж явсан ахан дүүс хуучин танилын маань шинэ дүр төрх дэлхий нийтийн анхаарлыг татаж, атаархлыг хөдөлгөж байна. Тэр нь энэ орны хурдацтай хөгжил.

Социалист тогтолцооны үед хоршоолсон хөдөө аж ахуй дагнасан, байгаль экологийн хувьд хүндхэн асуудалтай, Оросын цөмийн туршилтын талбар, сансрын пуужин хөөргөх газар нь Казакстан байсныг бид мэднэ. 1953 онд  ЗХУ-ын удирдагч Н.Хрущев "Атрын аян” өрнүүлж,  Казакстаны мал аж ахуйн бэлчээр нутгийг хүчээр газар тариалангийн бүс болгожээ. Дараа нь Л.Брежневийн  газар тариалангийн хөгжлийг хурдасгах  хөтөлбөрт энэ нутаг ус дахин  нэрвэгдсэн байдаг. 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд Казакстанд цөмийн туршилтын талбай байгуулж 1949 онд Семипалатинскт анхны туршилт хийсэн нь бүс нутгийн экологид үлэмж хохирол учруулах эхлэл болсон юм.

Энэ мэт хүнд хэцүү  өнгөрсөн үеэс өнөөгийн хөгжил цэцэглэлттэй, олз орлоготой, төрийн өндөр ёс зүйтэй, авлигаас ангид  Казакстаныг цогцлон бүтээж байгаа нь энэ ард түмний бахархал юм.

 

М.Нэргүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.