
Улмаар цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулсны үр дүнд хүүгийн аминд хүрсэн этгээдүүдийг олж илрүүлсэн юм. Тодруулбал өөрөөсөө 20-иод насаар ах талийгаач хүүгийн аавтай гэр бүлээс гадуур эр эмийн харилцаатай байсан С гэх 1992 онд төрсөн бүсгүй өөрийн нагац эгчийн хүүхэд болох 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хүүг алуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдгийг тухайн үед холбогдох албаныхан мэдээлж байв. С гэх бүсгүй өөрөө таван настай охинтой бөгөөд түүнээс гадна талийгаач хүүгийн аав Ц-ээс жирэмсэн болж зургаан сартай ураг тээж байсан аж. Харин тэрээр харамсалтайгаар хүүхдээ алдсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ хүүхдийнх нь эцэг болох Ц болон түүний эхнэр М нар нийлж машинаар дайрч хүүхдийг нь зулбуулсан гэж мэдүүлсэн байдаг юм байна. Харин мөрдөн байцаалтын явцад С нь өөрийн хүүхдээ өөрөө зулбуулсан нь тогтоогдсон байна.
Энэхүү аймшигт хэрэг хоёр жил гаруйн хугацаанд шүүхийн шатанд үргэлжилсэн бөгөөд оны өмнөхөн Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэгдлээ. Захиалгаар хүүгийн аминд хүрсэн Б гэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байжээ. Харин шүүгдэгч С гурван шатны шүүх хурлын туршид огт хэргээ хүлээгээгүй юм байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Би энэ хэрэгт ямар ч холбоогүй бөгөөд энэхүү хэрэгт холбогдож гүтгэгдсэндээ туйлын их гомдолтой байна. Б-г ийм хэрэг хийснийг нь огт мэдэхгүй. Надад хүний хүүхдийг алаад өг гэх сэтгэл байхгүй. Б-г ийм хэрэг хийсэн гэхэд одоо хүртэл итгэхгүй байна. Би Б-д хэлээгүй, хэлж байгаагүй. Б-н ээж Г эгч миний нагац эгч бөгөөд бид хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг байсан. Нагац эгч Г, талийгаач хүүгийн ээж М нар найзууд. Тэгэхээр М болон Г нарын явуулгаар Б намайг гүтгэж мэдүүлэг өгсөн гэж таамаглаж байна, хулгай хийхдээ асуугаагүй хүн, хүн алахдаа надаас асуухгүй " хэмээн мэдүүлдэг байжээ. Ингээд 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Хяналтын шат буюу Дээд шүүхээр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С-д "Хүнийг алах", "Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах" гэмт хэрэгт буруутгаж нийт 20 жилийн хорих ял, шүүгдэгч Б-д "Хүнийг алах", "хулгайлах" гэмт хэрэгт буруутгаж 14 жилийн ял оноож хорих ялыг тус тус хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Zuv.mn
Сэтгэгдэл