Хүчиндэгч нар ялалт байгуулж, шударга ёс өвдөг сөхөрсөн үү?


Хүчиндэгч нар ялалт байгуулж, шударга ёс өвдөг сөхөрсөн үү?

 

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийн цахим хуудсаараа дамжуулан баячуудын хүүхдүүдэд хүчиндүүлсэн гэх мэдээллийг цацсан нь дуулиан тарьсан билээ. Улмаар уг мэдээлэл цацагдсаны дараа түүний аав Д.Ганхуяг холбогдох газруудад гомдол гаргаж, хэргийг шалгаж өгөхийг хүссэн байдаг.

Тэгвэл эл хэрэг ямар шатандаа явж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман, "Иргэн Г нь ХУД-ийн 11 дүгээр хороо, 5 дугаар байрны ... тоотод 2015 оны 06 дугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө миний охин Н нь Э. Т нарт хүчиндүүлсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагад гаргасныг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг учрал болсон гэх газарт буюу 2015 оны зургадугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд залуучууд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон, дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан. Мөн өдөр тухайн байранд очсон гэх жолооч Ц болон хохирогч Н-ийн жолооч Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлснээр тухайн өдөр Н нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн ямар нэг зүйл болоогүй, мэдэгдээгүй талаар бүгд тодорхой мэдүүлсэн байдаг.

Дээрх 19 хүүхдийн 5 хүүхдээс нь гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа. Тухайн таван хүүхэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн хохирогч Н-ийн ярьсан "..манай үеэл охин Н, болон найз А нар нь бас хүчиндүүлсэн..” гэх асуудлыг Н болон А нараас тодруулж мэдүүлэг авахад тийм зүйл огт болоогүй талаар мэдүүлсэн. Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон байгаа. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна” гэх мэдээллийг өгчээ.

Мөн тэрбээр эл хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Э, Т нарын талаар, "Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нар нь энэ асуудал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Гэхдээ бид тэдний эцэг эхээс мэдүүлэг, тайлбар авсан байгаа.

Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа” хэмээн ярьсан байна.

Хяналтын прокурор Г.Бясманы ярианд нэр дурдагдаж буй Э, Т гэх хүмүүс нь Алтанжолоо группын ерөнхийлөгч В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир болон түүний найз А.Тэргэл нар бололтой. Учир нь Г.Номуундарь өөрийг нь хүчиндсэн гэх этгээдүүдийн талаар хэвлэлд тодруулага өгөхдөө дээрх хүмүүсийн нэрийг нийтэд зарлаж байсан юм.



Г.Бясманы хэвлэлд өгсөн энэхүү ярилцлагатай холбогдуулан зарим иргэд цахим сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал, "Хүчиндэгч нар ялалт байгуулж, шударга ёс өвдөг сөхөрлөө" гэх нийтлэл фэйсбүүк сүлжээнд олон мянган удаа шэйрлэгдэж, сэтгэгдэл авсан зэргээс үүнийг харж болохоор байгаа юм.

Б.Жаргалсайхан гэх хуудаст нийтлэгдсэн уг нийтлэлд, "УИХ-ын гишүүн асан Ганхуягийн охин Номуундарийн хэргийг Прокурорын байгууллагаас хаахаар болжээ. Нэг ёсондоо хүчиндэгчид ялалт байгуулав. Тэр охиныг хар тамхичин, биеэ үнэлэгч болгох гэж чармайсан баячуулын хэмээх тодотголтой эцэг эхийнхээ буянг буруу эдэлсэн "жаалуудын" хүсэл биелэв. Шударга ёсны төлөөх дуу хоолой хүчгүйдэж ард түмнийг "хордуулагч" нар яллаа. 

Прокурорын байгууллагаас гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд гадаадад сурч байгаа, хэрэг гараад хоёр жил болсон гэх үндэслэлээр хаахаар болжээ. Үүнээс үзвэл гэмт хэрэгтэн гадаад руу зугтаачихвал хэргийг хаачихдаг болсон уу. Тэгвэл хуулиндаа хүчингийн хэргийг хоёр жилийн дотор үйлдсэн бол авч үзнэ гээд заачих хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй, Хэрээ цагаан болдоггүй гэдэгсэн. Хэрэгт холбогдсон нэг ч хүүхдээс байцаалт аваагүй хэрнээ аав ээжээс нь асуусан ч гэх шиг. Хуулинд гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг авч болохгүй гээд заасан байдаггүй бил үү. Номуундарь биедээ үзлэг хийлгээгүй ч гэх шиг. Хоёр жилийн өмнөх зүйл байна гэж бодоогүй л баймаар даа. Ийм тодорхой хэрэг дээр хуулийнхан шударга ажиллахгүй болохоор олон нийт бухимдаад дэлбэрлээ шүү” гэх мэтээр нэгэн иргэн үзэл бодлоо илэрхийлсэн байна.


Х.Онон

http://www.zuv.mn/page/newsmore/17521


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.