М.Найданхүү: Монголд зарим компани төрөөсөө баян болчихсон


М.Найданхүү: Монголд зарим компани төрөөсөө баян болчихсонНорвеги улсын Амьдралын шинжлэх ухааны их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллахын зэрэгцээ докторантурт суралцаж, тэнд гэр бүлээрээ амьдарч буй М.Найданхүүтэй ярилцлаа. Түүнтэй Монголд ирээд буцахынх нь өмнөхөн уулзав. Тэрбээр Норвегид олон жил ажиллаж амьдарсан ч Монгол Улсынхаа хөгжлийн талаар санаа зовниж явдгаа нуугаагүй юм.

-Та Норвегид олон жил болж байгаа юм байна. Амьдарч буй улсаа эх оронтойгоо харьцуулахад ямар санагдаж байна вэ?

-Би Норвегид 2002 оноос хойш амьдарч байна. ХААИС-д багшилж байгаад явсан. Жилдээ ажлаар хоёроос гурван удаа Монголдоо ирчихдэг. Монголчууд бидэнд төрийн тодорхой бодлого, хатуу сахилга бат, шударга хууль журам мөрдөх байдал дутагдалтай болж байгаа нь харагддаг. Шууд хэлэхэд, Монгол ихэнх хэсгээрээ, замын хөдөлгөөнд оролцож байхад ч, зарим хүнтэй харилцаж байхад ч зэрлэгшиж байна гэж боддог. Заримдаа боддог юм. Зах зээлийн системд шилжээд Монгол юу хожив. Нэг хэсэг нь улс эх орноо худалдаж баяжиж, бие биенээ идэж мөнгө олж байх шиг байна. Бас нэг хэсэг нь ядуурч, зэрлэгшээд байна. Хотод гэхэд замбараагүй бүтээн байгуулалтууд явагдаад, одоо харин цэгцлэхээр ажиллаж эхэлсэн нь сайшаалтай.

Манай төрийнхөн Норвегид айлчлахдаа дэд бүтцийн хувьд Норвегиос олж харсан болов уу. Энэ талаар суралцах ёстой гурван зүйлийг онцлох ёстой гэж бодож байна. Хот байгуулалтын хувьд хот доторхи бүтээн байгуулалтыг би онцолмоор байна. Норвеги бол Монголтой адилхан маш хүйтэн орон, маш их цас ордог. Бас хөдөлгөөнийхөө нягтаршлыг багасгах зорилгоор бүх замаа газар доогуур хийсэн. Тунельд нь агааржилтын маш том системүүд, сэнснүүд ажиллаж байдаг. Норвеги бол тунелийн орон гэж зүгээр ч нэг ярьдаггүй. Сая би Улаанбаатарт ирэхдээ зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл өөрөө явж хэмжиж үзлээ. Замын түгжрэл маш их байна. Энэ хооронд тунель байгуулаад, тунелийнхаа хажуугаар дулаан гараашууд барьчих юм бол хотын хөдөлгөөний түгжрэл багасах боломжтой. Хоёрдугаарт, Улаанбаатар хот бол хүйтэн хот. Машинаа өглөө унаж ажил дээрээ очоод, орой зургаан цаг хүртэл өвлийн цагт бол хасах 20-30 хэмд гадаа орхино. Тэгээд л машин нь хөлдөх, эд ангиуд царцахаас үүдэлтэйгээр машин амархан эвдрэх, жолоо барих хүн өөрөө даарснаас болж элдэв өвчний үүр болно. Гэтэл Норвегид ажилдаа очоод дулаан гараашдаа тавьчихна. Машинд ч, хүнд ч хэрэгтэй. Үүнээс суралцаасай гэж бодож байгаа.

Монголд ирээд хэдхэн хонохдоо замын түгжрэл гэж бөөн стресс, уур уцаар болж буйг анзаарлаа. Дэлхийн аль ч хотод зам засвар, үер, байгалийн гамшгаас үүдэж бөглөрөл гардаг. Гэхдээ тэрнээс болж 7-8 минут л саатна уу гэхээс манайх шиг таг бөглөрнө гэж байхгүй. Замын цагдаа нар нь сайн ажилладаг. Тэнд зам засахыг зөндөө л харж байлаа. Гэхдээ замыг тэр чигээр нь хаахгүй, нэг урсгалаар явуулж, нөгөөгөөр нь зохицуулах маягтай. Энэ нь бас хувь хүний ухамсартай холбоотой байдаг байх. Бие биенээ хүндэлдэг, бие биенээ хайрладаг, хүлээцтэй ханддаг.

-Та сая мал аж ахуйн зөвлөлгөөнд оролцсон гэсэн байх аа?

-Манайх мал аж ахуйн бодлогыг эрс шинэчлэх шаардлагатай байна. Дээхнэ үед нэгдэл гэж байсан. Нэгдэл гэдэг Монголын мал аж ахуйн салбарт гарсан маш том ололт байсан. Үүний гол дутагдал нь хувийн малыг нийгэмчилсэн явдал. Гэтэл Норвеги, Дани, Швед зэрэг улсад 150 гаруй жил хөгжсөн хувийн мал дээр суурилсан хоршооллууд байна. Өөрөөр хэлбэл, зарах борлуулах, мөнгө төгрөгөө авах эрх нь малчдад нээлттэй. Гэхдээ нэгдсэн төрийн бодлогоор бүтээгдэхүүнээ боловсруулж, зардаг. Дани жишээ нь, зургаан сая хүнтэй. Гэтэл жилдээ 20 сая хүн тэжээх хоол хүнс боловсруулж байна. Үүнийгээ зүүн Европын орнууд руу зарж борлуулдаг. Норвеги ийм маягаар том хоршооллын системтэй байх жишээтэй. Энэ бүгдийг хараад суралцаасай гэж боддог. Энэ дагуу Монголын хөдөө аж ахуйн шинэчлэл гэсэн хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрөө дэвшүүлж тавина гэж боддог.

-Тэгвэл гуравдугаарт…

-Норвегиос суралцах бас нэг асуудал бол баялгийн ашиглалт. Манайд ашигт малтмалын салбар хөгжиж байна. Гэхдээ маш замбараагүй хэлбэрээр. Жишээлбэл, манайд ХХК гэж нэг, хоёр хүний компаниуд байдаг. Тэр нь уул уурхай, ашигт малтмалын салбарт оролцдог. Норвегид ганц хүнтэй ХХК бүхэл бүтэн улсын эд баялгийг эзэмшдэггүй, уул уурхайн лицензийг эзэмшүүлдэггүй. Ашигт малтмалын салбарт төрийн оролцоо маш их байдаг. Тэнд ийм лицензийг эзэмшихийн тулд заавал төртэй хамтарсан хувьцаа гаргасан концерн байх ёстой. Хувьцаагаа гаргаж зардаг, хувьцаа нь ил байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд ч "газар доорхи баялаг бол бүх нийтийн баялаг” мөн гэж заасан байдаг. Орос, Монголын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэр бол бол үүний сонгодог жишээ. "Эрдэнэт”-ийн үйлдвэрийн эд баялаг бол Монгол Улсын өмч хэвээрээ байгаа. Гэтэл тэр их баялгийг ганцхан хүний компани эзэмшээд явж байна. Жишээ нь, "Эрэл”, МАК компани бол нэг, эсвэл хоёр л хүний компани, тэр компанийн хувьцаа гэж ер сонсч байгаагүй юм байна.

Түүнээс гадна Тэтгэврийн сан гээд яриад байна. Энэ бол хөгжсөнийхөө дараа ярих асуудал шүү дээ. Өнөөдөр Норвеги нефтиэс орж ирсэн орлогыг төсөвтөө хийдэггүй. Бусад бүтээн байгуулалтад зарцуулах юм уу, эсвэл хадгалах хэлбэрээр ашигладаг. Норвеги бол бүтээн байгуулалтаа хийчихсэн улс. Гадагшаагаа хөрөнгө мөнгөө арвижуулъя, улам баяжъя гэсэн бодлого барьдаг. Тийм болохоор манайх ч тэднээс жишээ авч, олж байгаа орлогоо бүтээн байгуулалтад зарцуулмаар байна. Түүнээс биш одоо манайхан замгүй байж нүүрснээс орж ирсэн мөнгөө том компанийн хувьцаа эзэмших маягаар явна гэвэл худлаа болно л доо.

-Норвеги Монголтой адил хүйтэн орон гэсэн. Өвлийн цагт утааны асуудлыг хэрхэн шийдсэн байдаг юм бол. Манайхтай адилхан гал түлэхгүй ч нэгэн цагт утаатай байсан байлгүй дээ.

-Норвегийн хүн амын бараг 95 хувь нь хауст амьдардаг. Хаусныхаа халаалтыг маш энгийнээр шийдсэн байдаг. Нэгдүгээр давхраасаа авахуулаад дээшээ бүгд цахилгаанаар хална. Гадаа бас хүйтэрнэ. Хүйтрээд ирэхээр шөнийн 11-ээс өглөөний 06 цаг хүртэл хэрэглээний цахилгааныхаа үнийг хямдруулдаг. Норвеги усан цахилгаан станцаа маш сайн хөгжүүлсэн, нарны цахилгаан буюу сэргээгдэх эрчим хүчний ашиглалт дээр мундаг. Сая Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ талаар яригдсан. Гэхдээ манайд усан цахилгаан станц байгуулна гээд яриад яваад байдаг. Монгол Улс бол далайн түвшнээс өндөрлөгт өргөгдсөн хуурай улс. Өөрөөр хэлбэл, газрын дээрх болон доорхи усны баялаг ховортой улсад тооцогддог. Бидэнд байгаа цорын ганц зүйл бол нар. Монголд 365 хоногийн 285 нь нартай байдаг. Тиймээс монголчууд Япон, Дани, Норвегитой хамтраад нарны энергийг ашиглах талаар том бодлого явуулах хэрэгтэй. Жишээлбэл, Норвегийн өмнөд, Данийн хойд хэсгийн хүмүүс хаусныхаа дээврийг батарей хураагуур болгоод байна. Тэрүүгээрээ хэрэглээний цахилгаанаа хураачихдаг.

-Тэнд төрийн оролцоо маш их байдаг юм аа даа?

-Хаус барих бололцоог нь тавьж өгөөд, дээрээс нь дэд бүтэцдээ маш сайн анхаардаг. Автобус, дэд бүтэц, сонин хэвлэл, радио телевиз, зам, гүүр, барилга нь дандаа төрийн мэдлийнх байдаг. Төрийн компаниуд барилгаа яг стандартын дагуу бариад, нэг ам метр нь 2000 доллар болбол тэндээс ашиг харахгүйгээр зардаг. Манайд бол эсрэгээрээ, хувийн компанитай барилга барьдаг хүн бол бага зардлаар байшингаа босгоод, өндөр үнээр зарахаа бодно. Үүний хортой үр дагавар нь чанаргүй, бидний амь насанд аюултай барилга. Хувь хүний гар дээр очихоор ийм байдалд хүрдэг. Хүнсний аюулгүй байдал гэж ярьж байна. Норвегид хүндээ их анхаарал тавьдаг бөгөөд төр нь хүмүүсээ эрдэсжүүлж, витаминжуулах зорилготойгоор хамгийн сайн чанартай жимс, жимсгэнийг өндөр үнээр гаднаас оруулж ирж, иргэддээ хямдхан зардаг.

-Тэнд баян, хоосны ялгаа хэр их байдаг вэ. Манайд бол хөрөнгөтэй хүмүүс нь илүү баяжаад байх шиг. Энгийн дундаж амьдралтай хүмүүст цаашид амьдрахад улам л хэцүү болж байна?

-Төр нь ашиг олохынхоо хэрээр янз бүрийн бэлэн мөнгө өгдөггүй. Ажил эрхэлж байгаа хүмүүсийнхээ цалинг нэмэх журмаар хүмүүсээ баяжуулж байдаг. Тэнд 12 жил ажиллахад миний цалин байнга нэмэгдсээр ирсэн. Бараг л сар сараар нэмэгддэг. Дотоодод хэрэгтэй бүх зүйлээ, хүнсний хэрэгцээгээ хангачихад инфляц гэдэг юм бараг байхгүй болчихдог. Өөрөөр хэлбэл, төр оролцоотой учраас хомсдол үүсэхгүй. Хүнсэн дээр ч, нефтэн дээр ч. Норвегид бол баян хүн байхгүй. Үүнийг юугаар зохицуулдаг вэ гэхээр, татвараар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, бага орлоготой нь татвараа бага төлнө, их орлоготой нь бараг 80-90 хувь татвар төлнө. Үүнийг хүмүүс нь ч зөвшөөрнө. Тэнд мөн гадаадын хөрөнгө оруулагчид маш өндөр татвар төлдөг. Би ч тэнд сургуульд багшлаад сард цалингийнхаа 40 хувиар татвар төлнө. Татвар хэчнээн өндөр төлнө, тэтгэвэрт гарсан хойноо төдийчинээгээр даатгалдаа хамрагддаг.

Гэтэл Монголд бол зарим компани төрөөсөө баян болчихоод байна. Жишээлбэл, гадаадын компаниуд уул уурхайд их орж ирж байна. Өнөөдөр жишээ нь, бид 51, эсвэл 70 хэдэн хувийг нь авна гэж байхын оронд татварын бодлогоор л зохицуулчихвал нүүрснээс 80-90 хувь нь Монголынхоо татвараар үлдэх боломжтой. Тиймээс татварынхаа системийг л боловсронгуй болгочихвол уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Байгаль орчинд аюулгүйгээр шүү.

-Түрүүнд та ХАА-н шинэчлэлийн хөтөлбөр боловсруулсан гэж ярилаа. Энэ талаар…

-Хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийн хөтөлбөр боловсруулсан. Монгол мал, Таван эрдэнэ хөтөлбөртэй төстэй. 150 гаруй жилийн түүхтэй Дани, Норвеги, Шведийн фермерүүдийн холбооны амжилт, бүтэц дээр тулгуурлан бид яаж хамтран ажиллавал амжилтад хүрэх вэ гэсэн утгатай. Өнөөдөр Монгол Улс 65 сая малтай гэж ярьж байна. Малтай 165 мянган өрх айл байна. Энэ 165 мянган айлд өнөөдөр нүүрлэж байгаа гурван том ядуурал байна. Миний томъёолж байгаагаар. нэгдүгээрт, аж ахуйн ядуурал. Манай нэг сум дунджаар 3500 хүн амтай. Энэ нь 500-550 өрх айл гэсэн үг. Нэг сум дор хаяж 100-200 мянган малтай байна. Малыг нь мөнгөн дүнд шилжүүлбэл нэгээс хоёр сая долларын хөрөнгөтэй. Дээрээс нь асар их уудам нутагтай, бэлчээртэй, устай, нууртай. Ийм байж хамгийн ядуу амьдарч байна гэж яриад байгаа юм. Бид энэ аж ахуйн ядуурлаас гарахын тулд байгаа аж ахуй, мал сүргийг эргэлтэд оруулж, нэг хэсэг нь мах, ноосны анхан шатны боловсруулалтыг орон нутагтаа хийж, нөгөө хэсэг нь гадагш нь гаргах хэрэгтэй байна. Дотоод зах зээл дээр борлуулдаг байх хэрэгтэй. Монгол Улс социализмын үед өөрсдөө түүхий эдээ бэлтгэж, боловсруулж эхэлсэн. Түүнээс бусад үед бусдын түүхий эд бэлтгэгч улс байсаар ирсэн. Эргээд тэр байдал руугаа орчихлоо. Ноос, ноолуур, махаа түүхийгээр гаргаж байна. Ноосон дээр жишээ авъя. Орон нутагт нь нэг хэсэг нь угааж, угаасан ноосыг ээрээд хот руу ачиж ирснийг нь Хятад, Япон, Солонгосын компаниудад утас болгоод зарвал нэг кг ноосыг боловсруулах дөрөв, таван дамжлагаар хүмүүс амьдарчих гээд байна.

-Тэгвэл дараагийн хоёр ядуурал нь юу байна вэ?

-Дараагийн ядуурал бол ахуйн ядуурал. 165 мянган айл маань өнөөдөр хүй нэгдлийн нөхцөл байдалд амьдарч байна. Эрүүл ахуйн хувьд энэ хүмүүс усаа буцалгаад ууж байна уу, хувцсаа угаалгын машинаар угааж өмсч байна уу, индүүдэж байна уу, хоолоо боловсруулаад чадаж илэж байна уу. Яагаад бид өнөөдөр XXI зуунд оччихоод 165 мянган айлыг ахуйн ядуурлаас гаргая, соёлжуулъя гэж ярихгүй байгаа юм. Нэг зурагттай болголоо, гадаа нь антеннтай, тог уусгэгчтэй болголоо, өөр юм алга. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. 1960-аад оны үед хөдөөг соёлжуулах соёлын хувьсгал хийж, бүх хүүхдийг эрдэм номтой болгосон. Гэтэл энэ ахуйн ядуурлаас гарахгүй бол энэ нийгэм хамгийн эмзэг, хамгийн балар боллоо. Дээрээс нь нэмээд хүүхдүүд нь соёлгүй болж эхэллээ. Боловсролгүй болж эхлэхээр бидний үндсэн баялаг болсон мал аж ахуй дээр ямар хүмүүс ажиллаж амьдардаг болох юм бэ.

Гуравдугаарт, хүмүүсийг мэдлэгийн ядуурлаас гаргах хэрэгтэй. Хүн болгоныг агроном, зоотехникийн, мал эмнэлгийн, инженер механикийн анхны мэдэгдэхүүнтэй болгох ёстой. Ингэснээр нүүдлийн мал аж ахуй дээр суурилсан аж ахуйтнуудыг бий болгож байгаа юм. Сүүлийн үед фермерүүд гэж их ярьж байна. Малаа дагаж байгаа хүмүүсээ энэ гурван ядуурлаас гаргачихвал фермерүүдтэй болчихож байгаа юм. Фермер гэхээрээ заавал АНУ, Англи, Норвегид байдаг шиг бүх юм үйлдвэржсэн тоноглогдсон байх албагүй. Нүүдлийн мал аж ахуй дээр суурилсан үндэсний аж ахуйтнуудыг бий болгоно гэсэн үг. Би Норвегид хөдөө аж ахуйн салбарт нь арван жил ажиллалаа. Эргээд хэт үйлдвэржсэн байдлаасаа салж байна. Үүнээс ямар улбаа байна гэхээр, маш олон хүнийг хамарсан гахай, шувууны ханиад гэх мэт өвчний шинэ нянгууд бий болж байна. Мөн нэг литр сүү үйлдвэрлэж байгаа өртөг нь нэмэгддэг. Тэгвэл Монголд бол үнээ мал нь өөрөө явж байгаад өөрөө сүүгээ үйлдвэрлэчихэж байна. Манайд мал аж ахуйг үйлдвэржүүлнэ гэж яриад байгаа шигээ хөгжүүлчихвэл литр сүүний өртөг нэмэгдэж, авах хүн олдохгүй болчихно.

Энэ мэтчлэн монголчууд өөрсдөө мал аж ахуйн үйлдвэрлэлээ явуулж, ноос, ноолуураа өөрсдөө боловсруулан, Атрын гуравдугаар аяны үр дүн сайн байвал хөгжлийн гарц ойрхон байна. Дээрээс нь асар их баялаг, түүх соёл дээрээ суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлбэл бид маш их олз авна. Норвеги тавхан сая хүн амтай, өртөг маш өндөртэй улс. Гэтэл жилдээ маш олон жуулчин тус улсыг зорьж очдог. Яагаад гэвэл, тэд түүхийнхээ онцлогийг маш сайн гаргаж өгдөг. Сүүлийн үед Монголд ч түүхээ харуулсан Чингисийн хөшөө, Цонжинболдог гэх мэтчилэн бүтээн байгуулалтуудыг эхнээс нь хийж байна. Гэхдээ тэнд бол ийм юмыг хувийн компаниуд биш төрийн бодлогоор хийдэг. Аялал жуулчлалын газар нь төрийн харьяанд байдаг.

-Та төрийн мэдэлд гэж байнга ярих юм. Бүх юм нь л төрийн байдаг бололтой. Төрийн хүнд суртал тэнд байдаг уу?

-Норвегид гурван хүний нэг нь төрдөө ажиллаж байна. Төрд ажиллах эмэгтэйчүүдийн хувь маш өндөр. Засгийн газарт нь 17 сайд байхад 10 нь эмэгтэй байх жишээтэй. Парламентын гишүүдийн 50 хувь нь эмэгтэй гэх мэт. Гэсэн мөртлөө Норвегийн гэр бүл Европын бусад улстай харьцуулахад олон хүүхэдтэй, нэг гэр бүл гурваас дөрвөн хүүхэдтэй. Квотын асуудлыг их сайн ярьдаг юм билээ. Эмэгтэйчүүд төрд олшроод ирэхээр төр нь шударга болдог байх гэж би хувьдаа боддог юм. Нэлээн дээр үед эмэгтэйчүүдийн квотын талаар ярьж байхад би зориуд сонирхоод үзэж байсан. Манайх шиг шилжилтийн үедээ байгаа улсад эрэгтэйчүүд юманд хууртагдахдаа амархан байна. Нэгдүгээрт, мөрийтэй тоглоом тоглож байна. Үүнийг дагасан дараагийн зүйл бол архи. Үүнтэй холбоотойгоор хээл хахуулийн асуудал гарна. Архи уухаар мэдээж хүүхэн байж л таараа. Аль ч улс үүнийг даваад гарсан байдаг. Тэгэхээр нөгөө талаар эмэгтэйчүүдийнх нь улс төрийн идэвх маш сайн.

Норвегид төрийн хүнд суртлыг зарим юман дээр төрийн бодлогоор халж байна. Норвеги явах виз авах, ажлын виз авахад асар удаан хүлээнэ. Таны асуудалтай танилцаж байна, хүлээж бай л гэнэ. Харин тэнд очсон хойноо бол тийм юм байхгүй, ресепшн нь сайн ажилладаг. Татварын асуудлаар татварын газар очлоо гэхэд ресепшн хүлээж аваад, маргааш, нөгөөдөр нь уулзах цаг, тэнд уулзана гэж мейл, утсаар хариу өгдөг. Норвегид бүртгэлийн цахим систем маш сайн хөгжсөн байдаг. Норвегид өөрийн дугаар болох 11 оронтой тоо хэлэхэд миний тухай мэдээлэл гарч ирнэ.

Харин Монголд төрийн хүнд суртал байдгийг мэдэрсэн. Хүмүүс үүнийг жижиг асуудал гэж магадгүй юм. Манайх таван хүүхэдтэй. Манай эхнэр Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одон авах болзол хангасан. Төрийн төлөөлөгч нар Норвегид айлчлах үеэр Гадаад хэргийн яамнаас зохион байгуулаад, гадаадын иргэдэд одон медаль гардуулсан л даа. Тэр уулзалт дээр монгол эмэгтэй ороод, Алдарт эхийн одонгоо авбал бас зүгээр юм уу гэж Швед, Норвеги, Данийг хамран сууж буй Элчин сайд, мөн ЭМЯ-ны ажилтан нар санаачлан хүсэлт гаргасан. Төр нь олон хүүхэдтэй эхийг ингэж урамшуулдаг юм байна гээд бусдад жишээ авах юм болов уу гэж. Ингээд ярьсаар явтал Ерөнхийлөгчийн Тамгын газрын одон медаль олгох хэлтэс дээр очоод энэ асуудал гацчихсан. Ерөнхийлөгч болон Тамгын газрын даргад ч энэ асуудал хүрч амжилгүй гацаачихсан болов уу гэж бодож байгаа. Норвегид бол таван хүүхэдтэй гэр бүлийг их хүндэтгэдэг юм. Гэтэл төр нь тоосонгүй дээ. Зарчим, журам байж болно. Гэхдээ боломж, бодлого юу билээ, бодох л ёстой. Ерөнхийлөгч айлчилж байхад Монголыг гэсэн сэтгэлтэй тэр олон хүнийг шагнахтай зэрэгцүүлэн яагаад Норвегид ажиллаж амьдарч байгаа монгол хүнээ шагнаж болдоггүй юм. Монгол төр эх хүнээ, үр хүүхдээ дээдэлдгийн л жишээ болно биз дээ. Эсвэл Ерөнхийлөгч гадаадад айлчлахаараа заавал гадаад хүнийг шагнах ёстой юм уу. Монгол хүн монгол хүнээ дээдэлж, хайрлаж явах ёстой биз дээ. Манай эхнэрийн хувьд тэр одонг авах нь тодорхой. Хэзээ нэгэн цагт Монголдоо ирж байж хороо хориноосоо л авах байх.

-Манайхан одоо харьцангуй төрдөө ажиллахыг илүүд үздэг болоод байна. Гэхдээ шударга нийгэмтэй болтлоо нэлээд удах биз?

-Нийгмээ маш шударга болгоё гэвэл иргэдийн идэвх маш өндөр байх ёстой. Норвегид төрийн бус байгууллагууд нь бүх зүйлээ хянадаг. Км зам тавьсан ч иргэд нь хянаж байдаг. Бид бол зам тавьж байхад нь нэг их анзаардаггүй хэрнээ зам тавьсных нь дараа бүх талаар нь шүүмжилдэг. Манайд ардчилал яриад 20 гаруй жил боллоо. Гэтэл энэ хугацаанд дотоод ардчилал гэдэг юм ер хөгжсөнгүй. Их сургуулиар жишээ авъя л даа. Нэг ректор очоод өөрийнхөө диктатурыг тогтоож, өөрт нь таалагдсан, өөрт нь хань болох хүмүүсийг гар хөлөө болгочихдог. Тэгээд л хорь гучин жил дарга хийгээд, дархлагдсан, хувийн юм шиг болгочихсон. Норвегид бол тийш биш. Дөрөв, зургаан жилээр сонгогдоно, хугацаа дуусвал ажлаа өгнө, дараагийн хүн нь томилогдоно. Тэр хүнийг ажлаа өглөө гэж хэн ч баярлахгүй, ажлыг нь өгүүллээ гэж хэн ч шүүмжлэхгүй, зууралдахгүй.

Би түрүүнд хэлсэн дээ, Норвегид өндөр цалин өгдөг гэж. Тийм учраас тэнд шударга өрсөлдөөн байдаг. Шударга өрсөлдөөнийг дагаад иргэдийн сайн хяналт бий болдог. Хувийн компаниуд тэнд байдаг ч голдуу баар ресторан, жижиг дэлгүүр, сүлжээ дэлгүүр ажиллуулдаг.

Ер нь баян, хөрөнгөтэй хүмүүс төр рүү зүтгээд байдаг нь татвартай холбоотой. Баян хүн бага татвар төлье гэж боддог, өөрөө монополь байж, дарангуйлал тогтоохыг хүсдэг. Норвегид бол хэн нэг олигархи улсынхаа ашигт малтмалыг зарж баяжиж, төрдөө ч юм уу, парламентад орж ирээд өөрийгөө дэмжсэн бүлэг байгуулна гэж байхгүй. Парламентад дандаа оюуны хүмүүс ордог. Үндсэндээ бичиг цаасны л ажил шүү дээ. Өнөөдөр орж ирсэн 80 хуудас материалыг уншаад, найман хуудас болтол тунгааж ухаж гаргах чадвартай хүмүүсийн л хийх ажил. Гэтэл манай парламентыг ажиглаж байхад дийлэнх нь тийм биш. Би нэг хөтөлбөр бүгдэд нь өгч үзсэн л дээ. Парламентад оюунлаг олон хүн байгаа. Гэхдээ дийлэнх нь уншдаггүй, хардаг ч үгүй юм билээ. Ном, сонин унших сонирхолгүй, дандаа хар ухаанаар юмыг шийддэг, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр ярьдаг, эсвэл бие биенээ дэмжсэн маягаар явдаг. Тийм учраас манай хууль амьдралаас хол байдаг. Яагаад амьдралд хэрэгждэггүй хууль гараад байна гэхээр, хэн ч уншиж тунгаагаагүй.

-Эцэст нь, Та монголчууддаа хандаж юу хэлэх вэ?

-Монголд маш өндөр сахилга баттай байх хэрэгтэй. Хүн болгон үүргээ ухамсарладаг, өөртөө эзэн болоод явбал 3.2 сая хүн улсаа хөгжүүлэхэд юу байхав.Би арваад жил гадаадад амьдарлаа. Ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгөтэй боллоо. Улс эх орноо худалдаж, цөлмөж ухамсаргүй амьдарч байгаа хүмүүсийг болиосой гэж хэлмээр байна. Хөдөө яваад харлаа. Сүйтгэж байгаа юм байна. Маш харамсалтай байна. Уул уурхайгаар өнөөдөр бизнес хийгээд, баяжаад тав арван цаас олж байж болно, гэтэл хожмын өдрүүдэд юү үлдэх вэ. Эх орноо баяжуулагсад биш, баллагсад болж байна. Малын бэлчээргүй, уул усгүй болгож байна. Ус гэдэг хамгийн эрхэм юм. Гадаргын усаар хамгийн ядуу нь манайх. Гэтэл хамгийн их ус шаарддаг юм руугаа яваад байдаг. Арван жилийн дараа хатуу сайр болгоод цөлжүүлээд хаявал юү үлдэх вэ. Баячууд нь сайхан газар руу явдаг юм байгаа биз. Үлдэж байгаа хүмүүс яах вэ. Түүний оронд сэргээгдэх эрчим хүчээ, мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлье. Баялаг түүхэн дээрээ суурилсан аялал жуулчлалаа хөгжүүлье, алтан дунджийн зүүний нийгмийг байгуулъя гэж хэлмээр байна.

Манай зарим хүн Швед шиг, Норвеги, Дани шиг алтан дунджийн нийгмийг байгуулъя гэж байгаа. Энэ нь орох оронтой, ажлын байртай, өндөр цалинтай, эрүүл саруул, гэр бүл бүр аз жаргалтай амьдрахыг л хэлж байгаа юм. Аав, ээж нь ажилтай, хүүхдүүд нь сургуультай баймаар байна. Цаашлаад их, дээд сургуулиа төлбөргүй болгомоор байна. Сайн хүүхдүүд нь их сургуульдаа сурмаар байна. Норвегид зургаахан их, дээд сургууль байдаг, тэрэндээ конкурс өгч ордог. Манай улс тэгэхэд 98 их, дээд сургуультай байна. Хүн амын 25 хувь нь залуучууд гэж бодоход бид 200 мянган оюутантай, дампуурсан байдалтай байна.

Монгол хүмүүсийг залхуу, ажлын чадваргүй гэж ярьдаг. Монгол хүн гадаадад гараад ажиллахаараа ажлын чадвар оюуны чадамжаараа дээгүүр байр эзэлдэг. Юмыг маш амархан сурдаг. Монгол хүн яагаад гадаад руу гарч ажиллаад байна гэхээр хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх эрх чөлөөгөө эдлэх гэж тэр. Өөрөөр хэлбэл, та нэг цаг ажиллаад арван доллар авах ёстой бол тэрийгээ л авах ёстой. Энэ тогтолцоогоо монгол төр бий болгож чадвал амархан хөгжинө.

Эх сурвалж: mongolei-zentrum.de


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.