ТЭРБУМ, ЗУУН САЯАР ТООЛОГДОХ ХӨРӨНГӨТЭЙ Ч ТӨРӨӨР ТЭЖЭЭЛГЭСЭН ДАРГА НАР


 

ТЭРБУМ, ЗУУН САЯАР ТООЛОГДОХ ХӨРӨНГӨТЭЙ Ч ТӨРӨӨР ТЭЖЭЭЛГЭСЭН ДАРГА НАРХууль батлан суугаа эрхэм гишүүд, сайд нарын хэлэх үг, хийж буй үйлдэл байнга зөрдөг. Бараг л уламжлагдан ирсэн ёс мэт зүйл. Парламентын ордонд хууль тогтоон суугаа 76 гишүүн эдийн засаг хүндэрлээ төр илүү зардлаа танах хэрэгтэй гэж ам уралдуулдаг ч хэрэгжүүлсэн зүйл алга. Яах вэ бичиг хэргийн багахан зардал л хасагдаж, хэдэн орон тоог цомхотгосноос гавьсангүй. Уг нь, өөрсдийнхөө илүү зардалд санаа тавьсан бол дээр байлаа. Гэвч зардалдаа таналт хийлгэхгүйгээр л төсвөө баталлаа гэсэн шүүмжлэл өнөөдөр ч байна.

Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед бүсээ чангалах арга хэмжээг төр засгаас хэрэгжүүлэх ёстой. Гэвч төрийн аль ч сайд дарга, байгууллага ийм зүйлийг хэрэгжүүлэхгүй яваа. Байгаа жаахан хөрөнгө, гаднаас гуйж гувшин олж ирсэн хэдэн төгрөгөөрөө тоглож сууна. Ёстой л намайг хэн хэлж, ноён хүнд хэн заах вэ гэсэн шиг байгаа.

Төрийн сайд, дарга нарын албан хэрэгцээ, хэрэглээний зардал арай хэтэрсэн мэт. Эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн, эмнэлгийн орноос босох уу, үгүй юу гэдэг дээрээ байхад эрхэм дээд мяндаг цолтнууд төрийн гар утасны төлбөр, хөл залгах унааныхаа түлшээ хийлгэх нь зөв биш. Харилцаа холбооны зардалд сар бүр 150 мянган төгрөгөөс дээш тэтгэлэг авч буй. Унааны хувьд бүгд бараг л ижил моторын багтаамжтай "Ланд, Лексус” хэмээх тэрэг хөлөглөн давхидаг улс. Үүнээс бага зэрэглэлийн төмөр хүлэг уначихвал нэр хүнд нь доош орчих гээд байдаг юм байх. Тиймээс ч арабын оронд зориулан, шейхүүдийн хөлөглөх цөлийн унаа гэгдэх "Ланд 200”, "Лексус 470, 570” хэмээх машин унацгаана. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн засаг ноёд хүртэл дээрх төрлийн автомашинтай. Зарим нэг нь төсвийн хөрөнгөөр авсан унаагаа эвдэлж сүйтгэчихээд юу ч болоогүй мэт суугаа гэдэг. Төрийн, түмний хөрөнгө учир тэд тоохгүй л дээ. Харин өөрийнх нь байсан бол долоох шахан арчилна.

Үүнээс гадна шатахуун зарцуулалт нь 100 км тутам 20-30 литр гэсэн тоо бий. Магадгүй хотын түгжрэл, өвлийн хүйтэнд үүнээс ч илүүг залгих нь бий. Тэгвэл эрхэм дарга, сайд, түшээд өдөр бүр л хотод 100 км давхидаг гэж тооцвол төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө гарч байгаа нь харагдана. Бас л замбараагүй дүн болж таараа. Ноёд, дээдсийн шатахууны зардал, гар утасны төлбөр төрд өгсөн түмний хөрөнгөөр, татварын орлого, зээлийн мөнгөөр тэтгэхийг зогсоочихвол дээр мэт. Ингэж чадвал нэлээд хэдэн сая, тэрбумаар тоологдох хөрөнгө хэмнэгдэх магадлалтай. Учир нь, гишүүдийн утас унааны зардалд 500 орчим мянган төгрөгийг зардаг аж. Ийм хэмжээний хөрөнгө, мөнгийг ганцхан сарын дотор төрөөр даалгана гэж харвал жилд ямар хэмжээний төгрөг, төсвийг дарга нарт зориулдаг нь ойлгомжтой. Дарга нарын хэрэглээний зардлыг мэдээж хэрэг иргэдийн татвараар л бүрдүүлж байгаа. Ингээд харвал эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа ард түмний татварын багагүй хэсэг нөхдүүдийн хэрэглээний зардалд ниссээр. 

Жирийн нэгэн ажилтан төрийн ажил залгуулахын тулд түрийвчнээсээ таксины мөнгө төлдөг. Төрийн ажлыг амжууллаа хэмээн гар утасны мөнгөө авдаггүй. Үүнтэй агаар нэгэн ажиллахад дарга нарын цалин хүрэлцэхгүй байгаа хэрэг үү. Хүрдэггүйдээ төрөөр, түмний татвараар бүрдсэн мөнгөнөөс хамаг зардлаа төлүүлээд ч байгаа гэсэн бодол төрөхөөр. Гэтэл яг үнэндээ дарга нар шиг баян цатгалан хүмүүс байхгүй. Сайд гишүүдтэй ярих ч юм байхгүй. Жил бүр өгөх хөрөнгө орлогын мэдүүлгээс нь ч харж болно. Хур их хөрөнгөтэй атлаа гар утас, шатахууны зардлаа төрөөс гуйлгачилж суух нь инээдтэй. Зуу зуун сая, тэрбумаар тоологдох хөрөнгөтэй эрхмүүд сарынхаа утасны төлбөр, ажилдаа ирэх, буцах шатахуунаа хийж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Хумсаа нуусан муур мэт өөрийн хөрөнгийг арвижуулан, татварын мөнгөөр тансаглах нь зөв үйлдэл биш болов уу. Үүнд төр, засгийн оновчтой бодлого хэрэгтэй биз ээ. Яагаад бид ийм хэмнэлт гаргах шийдвэр гаргалаа та бүхэн дэмжээрэй гэж болдоггүй юм бол. Төрийн өндөр дээд суудалд тухалсан, ширээ сандалтай зууралдагсад том мотортой, тансаг зэрэглэлийн унаатай байх ёстой гэж. Жижиг машин уналаа гэж иргэд дооглохгүй, харин ч төсвийн зардалд дэм өгч байна хэмээн магтах нь гарцаагүй.

Гэтэл төрд тухалсан, төрийн албаны хурган дарга нар хүртэл Ланд-200, Лексус-570 унаж салхи татуулан давхих болж. Өөр хоорондоо төмөр хүлгээрээ сайрхах болсон байна. Үнэндээ унах унаа тийм чухал биш. Улс орон, иргэдээ, эдийн засгаа бодсон шийдвэр л хамгийн том зүйл. Дарга нарын унаа, утасны зардалд зарах тэрхүү мөнгөөр ганц цэцэрлэг, сургууль барьчихвал болохгүй зүйлгүй. Гэвч ийм сэтгэхүй төрийн дээдсүүдэд алга. Тоотой ганц нэг гишүүн өөрийн цалинг тойргийнхоо ядуу өрхийн ганц оюуутныг сургахад зардаг. Ёстой өдрийн од мэт гэсэн үг. Үүнээс өөрөөр төрийн дээдсүүд төсөв санхүүд хэмнэлт гаргасан түүх одоогоор алга.

Цаашид ч тэрбум, зуу зуун саяар хэмжигдэх хөрөнгөтэй дээдсүүд төрөөр хэрэглээгээ даалгасаар байх нь. Ичих булчирхайгүй, эрхэм ноёд.

24tsag.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.