МЭДЭХГҮЙН ГАЙ


МЭДЭХГҮЙН ГАЙ

Энэ зургийг Кампучийн Сайм Рип хотод аялж явахдаа авсан. Өглөө, зочид буудлынхаа үүдээр гартал шар шүхэр барьсан, хөөрхөн лам хүү чанх өөдөөс хараад зогсож байв. 
Өөрийн эрхгүй зогтусаж, зургийг нь дартал хүү огт хараагүй, мэдээгүй юм шиг царайллаа. Хөшөө шиг үл хөдөлнө. Хэн нэгнийг л хүлээж байх шиг.
Такси иртэл би ламаахайг харж зогссон. Тэрээр буудлын хаалга руу ширтээд, харуулын цэрэг шиг номхон зогсоод л үлдсэн.
Хэд хоногийн дараа, гудамжны сандал дээр амраад сууж байтал өөр хоёр лам хүү ирж яваа харагдав. Хоёулаа хөл нүцгэн. Эндэхийн лам нар бараг гутал өмсөхгүй юм. Хайлан урсмаар халуунд, хотын цардмал замаар хөл нүцгэн яваа өвгөн лам нарыг харахаар сэтгэл өвдөнө.

Өнөө хоёр лам явсаар нэгэн рестораны үүдэнд очоод зогсчихов. Төд удалгүй, зөөгч л бололтой, хормогч зүүсэн нэг охин гүйгээд гараад ирлээ. Хөвгүүдийн үүрсэн даавуун цүнх рүү мөнгө хийгээд, залбиран тонгойв. Лам хөвгүүд ч цангинасан шингэн дуугаар ном уншиж эхлэв ээ. 
Одоо л ойлголоо! Зочид буудлын үүдэнд таарсан ламаахайд би өглөг өгөх ёстой байж. 
Хэдий энэ учрыг МЭДЭЭГҮЙ явсан ч ихэд гэмшив. Хүү нүдэнд харагдаад болохгүй байлаа. Ботгоных шиг хоёр нүдээрээ бүлтийтэл хараад, нэг юм хэлэх гээд байсан нь санагдана. МЭДЭХГҮЙН гай гэж...

Удаах жишээ!

Зүүн Азийн улсуудаар яваад эргэн ирсний дараа найз ах маань утасдаж байна. "Сайхан газрууд юм уу?” гэлээ. 
-Сайхан юм аа. Кампучи, жишээлбэл, маш их таалагдсан гэж би хариулав. Найз ах шогширч гарлаа:
-Ямар сонин юм бэ, энэ хүмүүс одоо! Би Тайландад байхдаа "Кампучи руу яваад, үзээд ирье” гэсэн байхгүй юу. Гэтэл Кампучид очсон монголчууд хориглоод "ТЭНД ҮЗЭХ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ, шал хоцрогдсон газар” гээд хориглоод байсан. Тэгээд ах нь явах гэж байснаа больчихсон шүү дээ, хайран юм гэв ээ.

Хүн хүний сонирхол өөр. Бас бид САЙХАН гэдэг үгийг өөр өөрөөр ойлгодог. Шил толь болсон гудамжууд, гоёмсог байшин барилга, өндөр хөгжилтэй орон гэдэг нь илт мэдэгдэх тухлаг амьдралын хэв маяг, тансаг дэлгүүрүүд заримд нь сайхан санагдана.

Харин миний хувьд нурсан балгасууд дахь эртний уур амьсгал, он цагийн ул мөр, уламжлалт амьдралынхаа хэв маягийг хадгалсаар буй, тэс өөр соёлт ард түмнүүд, "хоцрогдсон” гэгдэх тэднээс л илүүтэй мэдэрдэг хүнлэг, дулаахан байдал сайхан санагдах.
Тиймээс, Кампучи сайхан гэж бичсэний минь төлөө огт өөр сонирхолтой хүн тийшээ явчихаж болохгүй нь мэдээж. Ондоо сонирхолтой хүнд бол тэнд үзэх юм байхгүй л биз. Дэлгүүр хоршоо нь "хоосон”, уйтгартай санагдах л биз. Харин би хувьдаа тэнд хэсэг үлдмээр л байсан. Парис, Ром, Вена, Мюнхен, Нью-Йорк, Лас-Вегасд харин үлдмээр санагдаагүй нь миний л сонирхол.

Гэхдээ... 
Кампучийг өнөөдөр "тэжээж буй” Анкор бол эртний цогцолборын нэгэн оргил хэмээн Юнескод бүртгэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн газар. Энэ бол эртний он цаг руу хүргэх нууц хаалга! Энэ бол чулуун ном! Гэхдээ хуудас бүр нь бурхадын зурагтай, сүнслэг ном юм. Үүнийг үзсэний дараа энэ үндэстний дотоод хүч чадал, урлагийн дээд сэтгэлгээг шүтнэ. Уг цогцолбороос гадна урлаг, соёл, театр, сүм хийдийг нь ч харсан ХОЦРОГДСОН газар гэх дүгнэлт гүтгэлэг юм.

Анкорын тухай мэдээгүй нь тэр ахын буруу биш. Харин үүнийг мэдэхгүй атлаа "хоцрогдсон газар" хэмээн "суртал ухуулга” хийсэн хүмүүс буруутай.

СУРГААР л дүгнэлт хийж, хов цуурхал бүхэнд итгэж, мэдэхгүй асуудлаараа ч ам булаалдан ярьцгаадаг нь "шинэ монгол” хүний муу тал ажээ. Үнэн худал нь нотлогдоогүй ганц л мэдээ монголчуудыг бүрэн хямрааж, бужигнуулдаг болж. Энэ нь МЭДЭХГҮЙ-ээс үүсдэг мэдэмхийрлийн халууралд нийтээрээ автсаны л гай юм уу даа.

Өлзийтөгс Лувсандорж

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.