"Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч шүүх хурал энэ сарын 17-ны 14 цаг хүртэл хойшилсон байна. Учир нь "Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулж гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүний зүгээс ч "Жаст Группийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Ш.Батхүү мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс уг хэрэг хэзээ хэрхэн үүсч өдийг хүрсэн талаар цаг хугацааны дарааллаар хүргэж байна.
2018 оны гуравдугаар сарын 06
Өнөөдөр болсон шүүх хурлаас яг нэг сарын өмнө уг шүүх хурал товлогдсон ч мөн л хойшилсон. Учир нь Төрийн банкны зүгээс Жаст группийн Ш.Батхүүг шүүх хуралд байлцуулах хүсэлтээ илэрхийлсэн тул ийнхүү хойшлуулж байлаа. Энэ удаад Төрийн банкны зүгээс Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийг хянан хэлэлцэж өгнө үү хэмээн хүсэлт гаргажээ.
2018 оны гуравдугаар сарын 26
-"Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд "Алтжин” компанийн захирал Г.Алтан, тэдгээрийн хооронд мөнгө төгрөг шилжсэн, тодорхой ашигт малтмалын лиценз худалдаж авч, хоорондоо шилжүүлсэн гэх мэт харилцаа үүссэн байдаг. Энэ асуудлаар Г.Алтангаас өмнө нь мэдүүлэг авсан байдаг. Одоо бас дуудаж авна. Г.Алтангийн хүүхэд Эдвардын Сүрэн гэж хүн төрийн банкнаас мөнгө төгрөг нэхэмжилсэн асуудлаар иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан уу, үгүй юу гэдэг асуудлыг эрх бүхий байгууллагууд шалгах ёстой. Бидний зүгээс тэр өр зээл нь үнэхээр бодитой байсан уу, тэр өр зээлийг хоорондоо өгч авалцах албан тушаалтнуудын оролцоо ямар байсан бэ гэдгийг анхаарч шалгаж байгаа. Шаардлагатай, үндэслэл бүхий асуудал тогтоогдвол үргэлжлүүлэн шалгах болно”
"Жаст групп”-ийн Ш.Батхүүгийн зээлсэн 51.5 тэрбум төгрөгийг Төрийн банк иргэн Эдуард Сүрэнд төлөх шүүхийн шийдвэр гарсан ч энэ нь тодорхой бус олон асуулт дагуулж буй талаар Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан Үндэсний гуудан сонинд ярилцлага өгсөн байдаг. Тэрээр "Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч Э.Сүрэнгээс шүүхэд гарган өгсөн нотлох баримтууд болох "Хадгаламж банк” ХХК-ийн Төлбөрийн баталгаа, баталгааны гэрээ, ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл зэргийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архиваас эх хувийг шүүж үзэхэд нотлох баримт огт байхгүй, тухайн дугаарууд дээр өер баримтууд байсан тул Нэхэмжлэгч Э.Сүрэнгээс шүүхэд гарган өгч, шүүх нотлох баримтаар үнэлсэн бичиг баримтуудыг "Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, Э.Сүрэн нар үгсэн тохирч хуурамчаар үйлдсэн байж болзошгүй, мөн тухайн үеийн банкны эрх бүхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримтад нөхөн гарын үсэг зурсан байх магадлалтай гээд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 01/5022 тоотоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шинжээч томилон шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар Улсын мөрдөн байцаах газарт хүсэлт гаргасан байдаг.
Энэ хэрэг одоо харьяаллын дагуу АТГ-т "Жаст групп” ХХК, иргэн Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Бидний зүгээс хэрэгт ач холбогдол бүхий баримт, материал, тайлбар, мэдүүлгийг цаг тухайд нь хүргүүлэн ажиллаж байгаа. Уг нь энэ хэргийг Ш.Батхүүгийн бусад хэргээс тусгаарлаад шалгахад болохгүй зүйл байхгүй” хэмээн ярьсан байна.
2013 оны долдугаар сарын 22
Хадгаламж банк өөрийн хөрөнгийн алдагдалд орсон учир Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкны эрх хүлээн авагчийг томилсон байдаг.
Банкны тухай хуульд заасны дагуу 2013 оны долоодугаар сарын 22-ны өдөр гаргасан Монголбанкны ерөнхийлөгчийн А/153 тоот тушаалын дагуу ийм арга хэмжээ авсан. Мөн өдрийнхөө А/157 дугаар тушаалаар "Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан.
Үүнтэй холбоотойгоор Хадгаламж банкны зарим актив пассив хөрөнгийг "Төрийн банк” ХХК-д гэрээгээр шилжүүлсэн. Хөрөнгө шилжүүлэх үйл явц нь "Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны хооронд 2013 оны дапдугаар сарын 22-ны өдрийн "Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр шилжсэн. Энэхүү гэрээг "Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны Гүйцэтгэх захирал нар байгуулж хөрөнгө тус бүрийг нарийвчлан зохицуулсан гэрээгээр, нэг бүрчлэн жагсаалтаар "Хадгаламж банк” ХХК-ийн санхүүгийн тайлангаас хасалт хийж Төрийн банкинд шилжүүлсэн байдаг аж.
Энэ тухай Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы хэлэхдээ, "Энэхүү гэрээгээр хүлээн авсан пассивын үүрэгт иргэн Э.Сүрэн "Жаст групп” компанийн хооронд хийгдсэн гэх Зээлийн гэрээнд Хадгаламж банкнаас гаргасан баталгаа, батлан даалттай холбоотой ямар ч үүрэг байдаггүй. Шилжиж ирээгүй байдаг гэжээ.
"Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү энэ өдөр мэдээлэл хийж гадаадын банкнаас зээл авч, "Хадгаламж” банкаа дампууруулсан гэх мэдээллийг үгүйсгэж байжээ. Тэрбээр "Хадгаламж банкийг бид анх авах үед 180 тэрбум төгрөгийг "Жаст” групп дангаараа хариуцаж, гаргасан. Дараа нь "Монголшуудан” банкийг авахад бас чадваргүй болчихсон байсан. Үүнтэй холбоотойгоор бас л маш их хэмжээний эрсдлийг "Жаст” групп дангаар хариуцаад аваад явсан.
Хариуцлагатайгаар мэдэгдэхэд "Хадгаламж” банк дампуураагүй. Дампуурна гэж юуг хэлдэг вэ гэхээр тухайн банк ямар ч төлбөрийн чадваргүй болоод, харилцагчдынхаа шаардлагыг биелүүлж чадахгүй болохыг хэлдэг. "Хадгаламж” банк төлбөрийн чадвартай хэвээр байгаа. Харин хүндрэлтэй асуудал юу байна вэ гэхээр өөрийн хөрөнгийн чадамж юм. Ихээхэн хүндрэлтэй байсан банкийг өөртөө нэгтгэсэн, дээр нь хувьчлахаас өмнө "Хадгаламж” банк өөрөө хүнд байдалтай байсан зэрэг нь үүнд нөлөөлсөн. Ш.Батхүү гэдэг хүн салбар компаниудаараа дамжуулаад 168 тэрбум төгрөг "Хадгаламж” банкнаасаа асар их зээл аваад дампууруулсан мэтээр ярьж байна. Тодорхой хэмжээнд зээл авсан. Гэхдээ энэ зээлүүд эргэн төлөгдөх ямар ч найдваргүй гэх үндэслэл байхгүй. Эцэст нь онцолж хэлэхэд зарим хүний яриад байгаа шиг яахаа алдчихсан банкийг Монголбанк аргагүй эрхэнд татан буулгаж байгаа зүйл биш шүү. Бүх зүйл нь хэвийн ажиллаж байсан, төлбөрийн бүрэн чадвартай банкийг л Төрийн банкинд нэгтгэлээ. Өнөөдрийг хүртэл надтай хамтран ажиллаж, энэ хоёр банкийг өөд нь татаж, сэргээхийн төлөө хамтран ажилласан хүмүүстээ баярлалаа” гэж ярьж байжээ.
2013 он огноо үгүй
2013 онд иргэн Эдуард Сүрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж огноо тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлдээ "2010 онд Зээлийн гэрээ болон Нэмэлт гэрээ байгуулж гурван удаагийн үйлдлээр нийт 32855296 ам.долларыг "Жаст групп” компанид зээлдүүлсэн, ингэхдээ Хадгаламж банк нь зээлийн гэрээний дагуу олгож байгаа миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгснөөр "Жаст групп” ХХК-тэй зээлийн гэрээ байгуулсан юм” гэж дурдаад "Шүүхээс хүсэх нь, "Жаст групп” ХХК-иас үндсэн зээлийн дүн 32,8 сая ам.доллар гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан банкны баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн байдаг юм.
Ингээд энэ нэхэмжлэлийг эхлээд "Жаст групп” ХХК холбогдуулан гаргаж, дараа нь "Төрийн банк” ХХК-ийг хариуцагчаар татсан хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж шийдвэр гаргасан байдаг.
2013 оны аравдугаар сарын 18
Сүхбаатар дүүргийн 1921 тоот шүүхийн шийдвэр 2013 оны энэ өдөр гарсан байдаг. Тодруулбал, Төрийн банк болон Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн хооронд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан. Тэр гэрээгээр зарим хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлсэн. Тухайн гэрээний 2-н 3-т зааснаар хөрөнгө шилжүүлсний дараа Хадгаламж банкны эрх үүрэг, төрийн банкинд шилжсэн байна гэж заасан. Тиймээс тухайн үед шүүхийн шийдвэр Э.Сүрэнгийн талд гарсан байна. Сүхбаатар дүүргийн шүүгч Т.Энхжаргалын даргалсан шүүх хуралдаанаар доорхи шийдвэр гарчээ.
"Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч "Жаст групп” ХХК-иас 32,855,296.74 /гучин хоёр сая найман зуун тавин таван мянга хоёр зуун ерэн зургаан ам доллар далан дөрвөн цент/ ам доллар буюу 51,596,943,659.3 /тавин нэгэн тэр бум таван зуун ерэн зургаан сая есөн зуун дөчин гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай.
2. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар хариуцагч "Жаст групп” ХХК нь нэхэмжлэгч Э.Сүрэнд 32,855,296.74 /гучин хоёр сая найман зуун тавин таван мянга хоёр зуун ерэн зургаан ам доллар далан дөрвөн цент/ ам доллар буюу 51,596,943,659.3 /тавин нэгэн тэр бум таван зуун ерэн зургаан сая есөн зуун дөчин гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкиас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,500,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 256,642,668 төгрөгийг нэхэмжлэгч Э.Сүрэнгээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч "Жаст групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 258,142,668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
Eagle.mn
Сэтгэгдэл