Хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хонож байна. Хэдий цар тахлын үе таарч сурагчид цахимаар хичээллэж байсан ч эргээд сургуульдаа ороод үе тэнгийн найзуудтайгаа уулзаад баяр хөөртэй байна. Сурагчид сурч боловсроход сургуулийн орчин нөхцөлд хамгаас чухал.
Тэгвэл нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн 10 бүлгийн 500 гаруй бага ангийн сурагч сургуулийн анги танхим хүрэлцээгүйн улмаас сургуулийнхаа ойролцоох караокены байранд хичээллэж байна. Хамран сургах тойргийн хүрээнд тус сургуульд сурах ёстой хүүхдүүдийг өөр сургуульд авахгүй байгаа учир хичээлийн хоцрогдолд орохгүйн тулд арга буюу ийнхүү хичээллэж байгаа юм.
Эцэг эхчүүд хүүхдүүд маань сургуульгүй үлдвэл бидэнд хэцүү тиймээс түрээсийн байранд ч хамаагүй хичээллүүлье гэж санал хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргажээ. Баянзүрх дүүргийн 15, 18-р хорооны хүүхдүүд энэ сургуульд сурдаг. Энэ хоёр хороонд ерөнхий боловсролын өөр ямар ч сургууль байхгүй.
Тиймээс л "КАРАОКЕ”-д хичээллэж байна. Үндсэн хуульдаа "хүүхэд сурах, боловсрох, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, амьдрах эрхтэй" гээд заачихсан байдаг. Гэтэл нидэр дээрээ таны хариуцсан салбарт хүүхдийн эрх ийм байдлаар зөрчигдөж байна, Л.Энх-Амгалан сайд аа.
https://erennews.mn/article/49576

Сэтгэгдэл