» » Украины эрчим хүч болон хууль зүйн сайд нар авлигын хэргээр огцорлоо

Украины эрчим хүч болон хууль зүйн сайд нар авлигын хэргээр огцорлоо


Украины эрчим хүч болон хууль зүйн сайд нар авлигын хэргээр огцорлоо

 

Украины эрчим хүчний дэд бүтэц өнгөрсөн амралтын өдөр Оросын агаарын цохилтод өртсөн. Энэ нь Орос, Украины дайн эхэлснээс хойш Украин улсын эрчим хүчний салбарт амссан томоохон гарз хохирлуудын нэг болсон юм. Доголдсон эрчим хүчний сүлжээг эргээд хэвийн байдалд нь оруулахын тулд улс даяар олон цагаар цахилгааны хязгаарлалт хийсэн.

Уг хэргээс хэдхэн хоногийн дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Эрчим хүчний болон Хуульзүйн сайд нарыг авлига, хээл хахууль, мөнгө угаасан хэрэгт буруутгалаа. Зеленьский өчигдөр Эрчим хүчний сайд Свитлана Гринчук, Хуульзүйн сайд Херман Халушченко нарыг авлигын хэргээр огцруулахаар болсон гэдгээ мэдэгдсэн байна.

Украины Үндэсний авлигын эсрэг товчоо, Авлигатай тэмцэх прокурорын газар гэсэн авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг хоёр том байгууллагын ажлын дүгнэлтээр Зеленський шийдвэрээ гаргажээ. Тус байгууллагууд жил гаруйн хугацаанд хийгдсэн мянган цагийн бичлэгийг шалган мөрдсөн байна. Үр дүнд нь сайд нарыг төрийн өмчид цөмийн эрчим хүчний компаниудыг нэгтгэсэн Энерхоатом груптэй байгуулсан 100 сая ам.долларын гэрээнээс 10-15 хувийг нь шамшигдуулсан гэж үзжээ.

Украины эрчим хүчний дэд бүтцийг Оросын агаарын дайралтаас хамгаалах бэхлэлт барих ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулахдаа авлига авсан гэж албан тушаалтнуудыг буруутгалаа.

Уг хэрэгт Эрчим хүчний сайд Свитлана Гринчук, Хуульзүйн сайд Херман Халушченко нараас гадна Зеленськийн ойрын хүрээлэлд багтдаг болон багтаж байсан хүмүүс ч холбогдсон байна. Тухайлбал шадар сайд асан Олексей Чернышов, Зеленськийтэй хамтран Квартал95 телевизийн сувгийг эзэмшдэг байсан бизнес эрхлэгч Тимур Миндич нар хэрэгт холбогджээ. Тэдний зарим нь аль хэдийнэ Украиныг орхиж хилийн чанад руу зугтсан гэх мэдээлэл байна.

Хэрэгт холбогдогчид их хэмжээний угаасан болон авлигад авсан мөнгөө бэлнээр авч, Украины нутаг дэвсгэрээс гаргасан гэж үзжээ. Мөн цүнхэнд хийж багласан их хэмжээний мөнгийг нууцаар хууль бусаар тээвэрлэж байгаа зургуудыг авлигатай тэмцэх байгууллагууд дэлгэсэн байна.

Гэсэн хэдий ч Засгийн газрын сайд нар хууль зөрчөөгүй гэсэн байр сууриа хамгааллаа. Халушченко өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бол Гринчук мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээнд ямар ч хууль зөрчөөгүй гэж мэдэгджээ.

Украины Үндэсний авлигын эсрэг товчоо, Авлигатай тэмцэх прокурорын газар нь байгуулагдаад арван жил болсон. Тус байгууллагуудын үйл ажиллагааны бие даасан байдлыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн зун Украинд болж байсан юм. Украины эрх баригчдын хүрээлэл дэх авлигын асуудал тус улсын Европын Холбоонд элсэхээр нэрээ дэвшүүлэхэд нь саад учруулж болзошгүй гэж үздэг. Зеленський авлигын эсрэг тэмцэж, шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа ч үр дүн нь хэр байгаа нь эргэлзээтэй гэж шинжээчид харж байна.

https://eagle.mn/r/41O3bxRaHcY

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.