
2025 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа нийт 19 газар, хэлтсийн 32 объектод урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 16 зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан тушаалтанд хүргүүлжээ.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу "аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах"-аар 2025 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа нийт 19 газар, хэлтсийн 32 объектод урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 16 зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан тушаалтанд хүргүүлжээ. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга нарт тус тус зөвлөмж хүргүүлжээ.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор, профессор Я.Цэлмэн: ЦЕГ иргэд рүү чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх маш их ажил хийдэг. Тэгвэл энэ ажлуудаа өөрсдийнхөө алба хаагчид руу чиглүүлж, эрүү шүүлтээс иргэдийг хамгаалах шаардлагатай болсон байна. Хууль сахиулах байгууллагуудад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төсөв, хүний нөөц хангалттай бий. 2025 онд зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хангалтгүй хэрэгжүүлсэн 23 албан тушаалтанд хуульд зааснаар хариуцлага тооцуулсан. 2026 оны нэгдүгээр сард Увс аймгийн Цагдаагийн газрын даргад хариуцлага тооцуулах саналыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ЦЕГ-ын даргад хүргүүлээд байна” гэлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн М-ийн эрхийг цагдаагийн алба хаагч ноцтой зөрчсөн байж болзошгүй мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн албан бичгээр ирсэн байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хяналт, шинжилгээ хийн ажиллажээ. Хяналт шинжилгээгээр 2026 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тус хэлтсийн албан хаагч Б.Б нь Б.М-ийн бие, эрх чөлөөнд халдаж, гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэг хүлээлгэх зорилгоор цагдаагийн хэлтсийн угтах хэсэгт айлган сүрдүүлж, толгой тус газарт зургаан удаа, шилбэ хэсэг газарт таван удаа өшиглөх зэргээр эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр доромжлон харьцсан ноцтой хүний эрхийн зөрчил тогтоогджээ.
Сэтгэгдэл