Хэрэв газрын тосны нэг баррель үнэ 150 ам.доллар давбал дэлхийн эдийн засгийн хямрал үүсч болзошгүй гэж АНУ-ын санхүүгийн аварга “BlackRock” компанийн захирал Ларри Финк анхааруулжээ. Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа, “Хэрэв Ойрхи Дорнодын мөргөлдөөн үргэлжилж, газрын тосны үнэ өндөр хэвээр байвал дэлхийн эдийн засагт гүнзгий нөлөө үзүүлэх болно” гэж мэдэгдсэн байна. “BlackRock” бол 14 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг хянадаг санхүүгийн компани юм. Мөн дэлхийн тэргүүлэгч компаниудын томоохон хөрөнгө оруулагчдын нэг билээ.
Газрын тосны нэг баррель үнэ 150 ам.долларт хүрэх юм бол олон жилийн турш энэ үнээ хадгалах болно гэж Финк болгоомжилж байна.
Энгийнээр тайлбарлавал, эрчим хүчний үнэ өсөхөд бараг бүх зүйл дагаад үнэтэй болдог. Жишээ нь тээврийн зардал нэмэгдвэл хүнс болон барааны үнэ өсч, өрхийн зардал танагдана. Улмаар бизнесүүдийн зардал нэмэгдэж, ажлын байрны цомхотгол газар авна гэж тайлбарлаж байна. Финкийн хэлснээр, ийм нөхцөл байдал “огцом бөгөөд хүчтэй эдийн засгийн уналт” буюу хямралд хүргэж болзошгүй юм. Мөн тэрбээр өндөр эрчим хүчний үнэ нь бага орлоготой хүмүүсийг илүү их эдийн засгийн дарамтад оруулдаг гэдгийг онцолсон. Учир нь тэд орлогынхоо ихэнхийг шатахуун, дулаан, хүнсэнд зарцуулдагтай холбоотой.
Тиймээс Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөнийг аль ч тал хүлцэнгүйгээр шийдэж, зогсоох ёстой гэж Финк уриалжээ.


Сэтгэгдэл