Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны долдугаар сарын 1-нээс бүрэн хориглосон бөгөөд ийм үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, тухайлбал өөрийн банкны данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгийг ашиглуулсан тохиолдлыг гэмт хэрэгт тооцдог. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш прокурорын байгууллагаас дансаа мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад ашиглуулсан долоон хүнд холбогдох таван хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Тухайлбал, иргэн Б.Н нь 2025 оны долдугаар сард өөрийн Хаан банкны дансыг ашиглуулж, наймдугаар сард нийт 62.6 сая төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцооны хэлбэрээр дамжуулсан нь тогтоогджээ. Анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хууль бус орлогыг улсын орлого болгосон байна. Албаны байгууллагаас иргэдийг өөрийн нэр дээрх данс, холбоо барих мэдээллээ бусдад ашиглуулахгүй байхыг анхааруулж байна.
Ч.Юмчирдулам


Сэтгэгдэл