Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт хэргийн сүлжээг илрүүлжээ.
Чили улсад ойролцоогоор 917 сая ам.долларын үнийн дүн бүхий хулгайлсан зэсийг таван жилийн турш хууль бусаар гадагш гарган Хятадын худалдан авагчдад нийлүүлдэг байсан сүлжээг тус улсын цагдаа нар илрүүлсэн тухай Чилийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Гэмт бүлэглэл хулгайн үнэт металлыг Чилийн хойд хэсэгт байрладаг Икике боомт хот рүү тээвэрлэж, тэндээсээ хаягдал ачаа хэмээн мэдүүлж, чингэлгээр Хятад руу илгээдэг байжээ. Ингэхдээ тэд хулгайн зэсийг Чилийн хууль ёсны худалдааны системд бүртгүүлж, хуурамч материал бүрдүүлэн экспортын НӨАТ-ын буцаан олголтоос 55 сая гаруй ам.доллар авдаг байжээ.
Долоон бүс нутгийг хамарсан “Өндөр хүчдэл” нэртэй ажиллагааны үр дүнд 25 хүнийг баривчилж, 49 объектыг нэгжиж, 187 тонн зэс, 40 автомашин, 11 галт зэвсгийг хураан авсан байна. Хураагдсан үнэт металлын одоогийн үнэлгээ ойролцоогоор 2.2 сая ам.доллар гэж үнэлэгдэж байгаа нь тус сүлжээний таван жилийн хугацаанд хууль бусаар эргэлдүүлсэн нийт хэмжээний өчүүхэн хэсэг юм.
Арика хотын прокурорын газрын хэлтсийн дарга Родриго Гонсалесийн ярьснаар, уг сүлжээ тодорхой үүрэг, хуваарьтай ажилладаг байжээ. Тухайлбал, зарим нь кабель хулгайлж, зуучлагчид үнэт металлыг боловсруулан хадгалж, тээвэрлэгчид хил дамнуулан тээвэрлэдэг байсан. “Энэ бол маш ашигтай бизнес. Хэдхэн арван метр кабель сая сая песогийн ашиг авчирч чадна” гэж тэр онцолсон байна. Тэдний арга энгийн. Ачааны машинууд цахилгааны шонгуудыг мөргөн унагаж, хэдхэн минутын дотор бүхэл бүтэн кабелийг тасалж, дараагийн багийн зэсийг авч ачин, хууль хүчнийхэн ирэхээс өмнө зөөдөг байжээ.
Нэг удаагийн үйлдлийн хохирлын хэмжээ 60 сая чили песо (63000 ам.доллар)-д хүрч байсан бөгөөд үүний улмаас бүхэл бүтэн сууринууд цахилгаангүй болох тохиолдол гарч байсныг Гонсалес онцлов.
Хулгайн зэсийг дараа нь хууль бус цехүүдэд боловсруулж, цэвэр зэс болгон хувиргадаг байжээ. Мөрдөн байцаагчид серийн дугаарыг арилгахын тулд хайлуулж хийсэн хавтан, гулдмай илрүүлсэн бөгөөд хууль ёсоор бүртгүүлсэн зэсийн хамтаар экспортолдог байсан гэж үзэж байна.
Цагдаа нар Хятадын худалдан авагчдын хэн болохыг одоогоор тогтоогоогүй байна. Тус улсад суугаа Хятадын элчин сайдын яам энэ хэргийн талаар тайлбар хийгээгүй байна.
Үүнээс өмнө буюу гуравдугаар сарын 25-нд Чили, Перугийн хил дээрх Арика хотод цагдаа нар 10 гаруй тонн зэс хураан авч, Перугаар дамжуулан Хятад руу тээвэрлэхээр бэлтгэсэн зэс кабель, чип, катод, анод илрүүлж, үүнтэй холбогдуулан Боливи, Перугийн иргэдийг баривчилж байжээ.
Дэлхийн зэсийн хэрэглээний ойролцоогоор 58 хувийг дангаараа хэрэглэдэг Хятад улс өмнө нь ч Чилийн боомтуудад илэрсэн хулгайн зэсийн гол зах зээл байсаар ирсэн.
Чили улс нь 2025 онд 5.3 сая тонн зэс үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг бүрдүүлжээ. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч тус улс нь зохион байгуулалттай гэмт хэргийн бай болсоор байна. 2020 оны нэгдүгээр сард Сантьягогийн баруун хойд хэсгийн Лампа дахь хаягдлын талбайгаас 80 орчим тонн хууль бус зэсийг хураан авч байв. Цахилгаан болон харилцаа холбооны компаниудаас хулгайлсан зэсийг Хятад руу илгээхээр бэлтгэж байжээ. Үүнээс өмнөхөн Антофагаста хотод мөн 10 гаруй тонн зэс илрүүлж байсан байна.
Энэ бүсэд зэс тээвэрлэж буй галт тэрэг рүү халдлага үйлдсэн хэрэг 2014 онд 6 бүртгэгдэж байсан бол 2018 онд 48 болж өссөн байна. 2023 оны нэгдүгээр сард зэвсэглэсэн 10 этгээд Сан Антонио боомтод нэвтэрч, таван ажилтны биед халдаж, Чилийн төрийн өмчит Codelco компанийн Хятад руу илгээхээр зэхэж байсан 13 чингэлэг зэсийг хулгайлсан хэрэг гарч байжээ.


Сэтгэгдэл