Сүүлийн гурван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын иргэдийн хуримын бэлгийн мөнгөний хэмжээнд гарсан өөрчлөлтийн талаар судалгааны тайлангаа NH NongHyup банк өчигдөр танилцуулжээ.
Уг судалгаанд 2023 оны нэгдүгээр сараас 2025 оны арванхоёрдугаар сарыг хүртэл хугацаанд 1.15 сая харилцагчийн гүйцэтгэсэн 5.22 сая цахим шилжүүлгийг хамруулсан байна.
Өнгөрсөн онд тус улсын иргэдийн шилжүүлсэн хуримын бэлгийн мөнгөний дундаж хэмжээ 117,000 вон ($78.58) байжээ.
Хурим зохион байгуулах зардал өссөнтэй холбоотойгоор зочид бэлгийн жишиг болсон 50,000 воны уламжлалт хэмжээг ахиулах хандлагатай болсон байна.
Бэлгийн мөнгөний дундаж хэмжээ 2023 онд 110,000 вон байсан бол 2024 онд 114,000 вон, 2025 онд 117,000 болж жил бүр дунджаар 6.9 орчим хувиар өсжээ.
Нийт шилжүүлсэн мөнгөний хамгийн их хэсэг 50,000 вон хэвээр байгаа ч 2023 оны 46.5 хувиас өнгөрсөн онд 42.3 хувь болон эзлэх хэмжээ нь буурсан байна.
Энэ хугацаанд 100,000 воны бэлгийн эзлэх хэмжээ 36.1 хувиас 39.7 хувь болж, 200,000 воны эзлэх хэмжээ 6.1 хувиас 7.5 хувь болон тус тус өсжээ.
Бүр том хэмжээтэй бэлгийн тоо ч өссөн байна. Тухайлбал нэг сая воноос дээш хэмжээтэй бэлгийн эзлэх хэмжээ 2023 оны 2.95 хувиас өнгөрсөн онд 3.17 хувь болон нэмэгджээ.
Харин 10 саяас дээш воны бэлгийн хэмжээ 0.22 хувиас 0.36 хувь болон өссөн байна.
Насаар нь ангилбал залуучуудын бэлгийн мөнгөний хэмжээ хамгийн их өсжээ. Тухайлбал 20-30-аад насныхан дунджаар 138,000 вон бэлэглэсэн бол 60-аас дээш насныхан 118,000 вон бэлэглэсэн байна. Хамгийн бага хэмжээтэй мөнгийг буюу дунджаар 107,000 воныг 40-50-аад насныхан бэлэглэжээ.
Бүс нутгаар нь авч үзвэл Сөүлийн оршин суугчид дунджаар 134,000 вон, Бусаны оршин суугчид 128,000 вон, Гванжу хотын оршин суугчид 124,000 вон бэлэглэсэн үзүүлэлтээр улсдаа тэргүүлцгээсэн байна.
Эх сурвалж: Korea Times


Сэтгэгдэл