АБУ ДАБИ, 2026 оны аравдугаар сарын 16 /Kazinform/. Ойрх Дорнод, Хойд Африкийн бүс нутагт анх удаа зохион байгуулах “Хиймэл оюун ухааны эрин үеийн 6G” дээд хэмжээний чуулган даваа гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод эхэлнэ гэж WAM агентлаг мэдээлжээ.
Тус улсын Харилцаа холбоо, цахим засаглалын зохицуулах газраас /TDRA/ зохион байгуулж буй хоёр өдрийн чуулганд зохицуулагч байгууллагууд, технологийн салбарын тэргүүлэх төлөөлөгчид, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын мэргэжилтнүүд оролцох юм.
Тэд дараагийн үеийн харилцаа холбооны технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, техникийн стандарт болон зохицуулалтын асуудлуудыг хэлэлцэнэ. Энэхүү чуулган нь дэлхий дахинд 6G технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажил эрчимжиж буй үед болж байгаагаараа онцлог юм.
АНЭУ 5G болон “5G-Advanced” сүлжээг хөгжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшилдээ тулгуурлан дараагийн үеийн харилцаа холбооны технологид шилжихээр зорьж байна.
Үүний зэрэгцээ харилцаа холбооны сүлжээний төлөвлөлт, удирдлагад хиймэл оюун ухааны гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, 6G технологийн техникийн стандарт, шаардлагыг боловсруулах чиглэлд олон улсын хамтын ажиллагаа өргөжиж байгаа ажээ.
Л.Буянаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл