Залилагч этгээдүүд арга барилаа өөрчилж ахмад настнуудыг онилж байна. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд өндөр настай хүмүүс рүү залгаж арилжааны банкнаас холбогдож байна гээд мэдээллийг нь авч улмаар данснаас нь мөнгийг нь авч байгаа ажээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, үүрэн телефоны дугаараас иргэд рүү холбогдож, аль нэг банкны нэрийг хэлж "таны зээлийн мэдээллийг шинэчлэх гэж байна. Мэдээллээ баталгаажуулаарай. Танд зээлийн эрх үүссэн байна. Та надад интернэт банкныхаа мэдээллийг хэлээд өгөөрэй" гээд хувийн мэдээллийг нь авч улмаар дансан дахь мөнгийг авч байгаа аж. Уг залилангийн шинэ үйлдлийн аргад өндөр настнууд ихэвчлэн хохирох болжээ.
Тухайлбал, иргэн Д рүү "Хаан банкнаас холбогдож байна. Таны дугаар манайд бүртгэлтэй байна. Та манай банканд данстай юу. Таны мэдээллийг шинэчлэх гэж байгаа учраас мэдээллээ хэлээд өгөөрэй" гээд холбогдох мэдээллүүдийг авснаар "тантай эргэн холбогдох болно" гэж хэлээд тасалнаас 30 минутын дараа дансанд нь байсан бүх мөнгийг авсан байжээ.
Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг цагдаа нарын толгойн өвчин болоод байгаа. Залилагч этгээдүүд арга барил, үйлдлийн аргаа өөрчилж иргэдийг залилж, ихэвчлэн санхүүгээр нь хохироосоор байна. Иргэдийн хувьд мэдээллийг нягталдаггүй байдлаасаа болж залилангийн хохирогч болохоос гадна амар хялбар аргаар мөнгө олох гэж залилах гэмт хэргийн хохирогч болсоор байгааг албаныхан анхааруулав. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хувийг залилах гэмт хэрэг эзэлсэн хэвээр байна.
Энэ оны эхний хагас жилд 9648 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 70 гаруй хувь буюу 7174 хэрэг нь цахим орчинд үйлдэгджээ.
Тодруулбал, залилах гэмт хэрэг ихэвчлэн фэйсбүүкт үйлдэгддэг байсан бол хүрээгээ тэлж инстаграм, телеграм, тик ток зэрэг бусад нийгмийн сүлжээний платформуудаар өргөжиж буй.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх нь банктай холбоотой хувийн мэдээллийг шинэчлэх тухай, бэлэг, урамшуулал авах тухай, байр орон сууц түрээслүүлэх, их дээд сургуульд зуучлах, виз гаргах, бараа, үйлчилгээ, хоол захиалгын үйлчилгээтэй холбоотой хиймэл оюун ухаанаар дэмжигдсэн хуурамч хаяг, сайт, дүрс бичлэг, зурвас, холбоос ашиглан иргэдийг залилсаар байна.
Тиймээс иргэд залилах гэмт хэргээс өөрийгөө хамгаалж өөрийн аккаунтын нэвтрэх нэр, нууц үгийг хуваалцахгүй байж дахин давтагдахгүй байдлыг хангах, утасны дугаар, аппликэйшнд ирсэн аливаа и-мэйл, холбоос /линк/ мессеж зурвасыг нээхгүй, идэвхжүүлэхгүй байх, аливаа сайт, пэйж хаягийн албан ёсны буюу жинхэнэ эсэхийг сайтар нягтлах. Мөн дээр хэлсэн байр орон сууц түрээслэх, зарж борлуулах, виз гаргуулах гэх мэт үйлдлүүдийг хийхдээ сэрэмжтэй байж, залилах гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
- Энгийн залилах: Хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг авбал зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
- Хүндрүүлэх нөхцөл: Их хэмжээний хохирол учруулсан, олон тооны хохирогчтой бол 2-8 жил хүртэл хорих ялтай.
- Бүлэг, зохион байгуулалттай бол: Бүлэглэж, эсхүл үргэлжилсэн үйлдлээр үйлдвэл 5-12 жил хүртэл хорих ял шийтгэдэг байна.


Сэтгэгдэл