Монголын хип хопын цөөн эмэгтэй уран бүтээлчдийн нэг, реппер Gennie-тэй ярилцлаа.
Реппер Gennie гэдгээр хип хоп сонирхогчид өөрийг тань сайн мэднэ. Жинхэнэ нэр тань хэн вэ? Яагаад реп хийх болов?
Намайг Б.Дуламсүрэн гэдэг. Gennie нэрийг 2002 онд “Дайн ба Энх” хамтлагийн продюсер Мсит буюу талийгаач Д.Энхтайван ах маань өгч байсан. Хип хопын хэмнэл, айзамд анх татагдсан. Улмаар гоё хэмнэл дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, үзэл бодлын эрх чөлөөгөө мэдэрдэг нь таалагдсан.
Gennie-гийн хувьд их онцлогтой реппер гэж боддог. Нас залуу ч талийгаач Мсит, Хаагий, Гаванагаас эхлээд хип хопын анхдагчидтай хамтран уран бүтээл туурвиж байсан. Мөн шинэ үеийнхнийхээ дунд ч уран бүтээлээ хийсээр л байна. Өнөөдөр Монголын хип хоп хөгжлийнхөө ямар шатанд явна вэ?
Би багаасаа Монголын хип хопын анхдагчдын сонсогч байсан. Тэр хүмүүс миний хувьд их хол санагддаг байлаа. Тэгээд дуртай зүйлээ тууштай хийсээр нэг мэдэхэд л тэр хүндэлдэг, сонсдог, багш мэт хүмүүстэйгээ нэг тайзан дээр мөр зэрэгцээд хамт уран бүтээл хийж явсан мөчүүд надад үргэлж бэлэг шиг санагддаг. Би өөртөө хэзээ ч сэтгэл ханаж байгаагүй. Одоо ч ах нараасаа, залуучуудаасаа, гадаад, дотоодын уран бүтээлчдээс байнга суралцаад, өөрийгөө олох гээд л явж байна даа.
Анхны уран бүтээл тань сонгуулийн тухай дуу байсан гэж сонссон. Мөн УИХ-ын 2020 оны сонгуулиар “Зөв Хүн Электорат” эвслийг дэмжиж уран бүтээл гаргасан? Өөрөө улс төрийн нэлээн идэвхтэй бололтой? Дууныхаа сэдвийг яаж сонгодог вэ?
Хип хоп урлагийн нэг давуу тал бол дууны үгний хувьд их эрх чөлөөтэй. Бид нийгмээсээ шууд хамааралтай учраас улс төр сонирхохгүй байхын аргагүй. Багадаа ихэвчлэн томчуудад хандаж дуугаа бичдэг байсан бол одоо сэдэв, харах өнцөг арай өөр болж эхэлж байгаа. Улс төр гэдэг бол зөвхөн 76-гаас шалтгаалах зүйл биш хувь хүн, иргэн бүрийн ухамсар, оролцооноос шалтгаална гэж боддог. Тиймээс улс төр бол хөндөхгүй байхын аргагүй, тойрч болохгүй сэдэв гэж боддог.
Хип хопын анхдагчдын дууны үг, шинэ үеийн репперүүдийн дууны үгний хооронд асар их ялгаа гарчихлаа. Цаг үеэ дагаад залуусын сэтгэлгээ өөрчлөгдсөн байх. Сүүлийн үеийн репперүүдийн дууны үгэнд анализ, дүгнэлт хийдэг үү?
Асар их өөрчлөлт байгааг анзаарч байна л даа. Хип хоп Америкт үүсэхдээ харуудын нийгэмд өөрсдийн байр суурийг илэрхийлэх үгэн зэвсэг маягаар гарч ирсэн урлаг. Үүнтэй адил хип хоп Монголд ардчиллын дараагаас залуусын үзэл бодлоо илэрхийлэх индэр болж гарч ирсэн. Тэр үеэс хойш хорь гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд хип хоп хэмнэл, хөгжимлөг талаасаа хүмүүст илүү ойртсон байна. Түүнээс биш яг үг сонсдог сонсогчид ховор болж. Сонсогчид үг цөөтэй, хөгжимлөг, өнгөлөг юм л сонирхдог болсон юм болов уу даа л гэж бодож байна. Гэхдээ яваандаа үгийг сонсдог болох байх.
Хип хоп дууны үгэнд тавигддаг зарчим гэж байдаг уу?
Зарчим байхгүй байх. Урьд нь бид барууны хөгжим дээр дуугаа хийдэг байсан бол одоо бид өөрсдөө бүх зүйлээ хийдэг болсон. Монгол хэв маягтай хип хоп хөгжиж байна.
Монгол хэлнийхээ хэл зүй, үг, утга санаан дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Зарим нэг үгнүүдээ хэтэрхий эвдээд, этгээд болгох гээд байгаа нь таагүй санагддаг.
Мэдээж нэг ганц тонгоруулсан ч юм уу жижиг зүйлс байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ утга зүйн, үгийн сонголт алдаатай, үнэ цэнэгүй уран бүтээлүүд бас гарч байна. Үүнд би нэг их санаа зовохгүй байна. Яагаад гэвэл сонсох зүйл ихтэй болсон энэ цаг үед сонсогч нар маань өөрсдөө уран бүтээлүүдийг шүүгээд, тунгаачихна байх.
Та бол хип хопын old school төгсөгч. Миний мэдэхээр сүүлд реппер Pacrap old school хэв маягтай уран бүтээл гаргасан. Old school хэв маягийн талаар?
Шинэ тутам урсгалууд гарч ирж байгаа ч гэсэн хип хопын анхны элементүүдээ хадгалсаар л байна. Old school, Underground бол анх гарсан цагаасаа л нийгэм, улс төрийн сэдвүүдийг хөндөж байсан болохлоор моод эргэнэ гэдэг шиг эргэх байх.
Манай Монголын нийгэм, улс төр бол уран бүтээл хийе гэсэн хүнд хэдэн ч цомог гаргах хэмжээний баялаг сэдэв шүү дээ.
Өөрсдийн гэсэн үзэл бодолтой хүмүүс өөрсдийнхөө өнцгөөр хийх байх. Жишээ нь: Gee бол улс төрийн талаар нилээн чанга хэлдэг репперүүдийн нэг. Зарим нь хөгжилтэй маягаар ёжилж үгээ хэлдэг. Би бол өөрчлөлтийг өөрөөсөө л гэсэн үзэл бодолтой хүн. Өөрийнхөө эргэн тойрны хүмүүст чадахаараа нөлөөлөхийг хичээж байгаа.
Улс төр, нийгмийн эмзэг сэдвүүдээр уран бүтээл туурвихын тулд уран бүтээлчээс нэлээн өргөн мэдлэг шаардах нь зүйн хэрэг. Gennie-гийн хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж, цэнэглэдэг вэ?
Энэ амьдрал өөрөө багш болж байна даа. Би улс төр гэхээс илүү эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болохыг хичээдэг. Эмэгтэйчүүдийн сэдэвтэй дууны үг олон байгаа.
Өнөөдөр Монголын хип хоп хөгжимд хамгийн чансаатай уран бүтээл туурвиж байгаа репперийг нэрлэ гэвэл та хэнийг хэлэх вэ?
Хүн болгон өөр өөрсдийн ертөнцтэй. Одоогоор би бусдыг шүүх хэмжээний мундаг болоогүй байна. Хөдөлмөрлөж, бүтээл туурвиж буй хүн болгоныг л би үнэлнэ.
Таны дуучин Ц.Хулан, Masta Flow нартай хамтран дуулсан “Born in UB”, мөн өөрийн тань solo “Өөрөөрөө” гэх мэт олон сайхан дуунууд залуус дуртай. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Шинэ дуу, цомог, клипийг тань хүлээж байгаа залуус байгаа байх.
Баярлалаа. Би ихэвчлэн хамтарсан уран бүтээл хийдэг ч гэсэн үүнийхээ хажуугаар өөрийн уран бүтээлээ хийгээд л явж байгаа. Хоёр жилийн өмнө Бээжинд байдаг амьд хөгжмийн рок хамтлагийн найзууд маань надад хэдэн ая, хөгжим хийж өгсөн. Тэгээд амьд метал рок хөгжим дээр Монгол хип хоп нийлсэн цомгийн ажил эхлүүлсэн. Харамсалтай нь коронавирусээс болоод хил хаагдаад хойшилчихлоо. Түүнээс гадна ер нь би төдийгөөс өдий хүртэл хориод жил реп хийсэн байна. Энэ хугацаандахь хийсэн өөрийнхөө дуунуудаар тайлан маягийн цомог хийхээр “2016” студи дээр бичлэгэндээ ороод явж байна. Ихэнх аяыг нь манай найз талийгаач Мянгаа маань хийсэн. Харамсалтай нь түрүү жил бурхан болсон. Бас л манай Тайвнаа ахын шавь байсан. Тэр аянууд нэлээн дээр үеийнх болохоор чанарыг нь дээшлүүлж н.Анар гээд найз маань намайг дэмжээд шинээр бичиж байгаа. Удахгүй бэлэн болох байх. Мөн Хөлгөө ах, Бадгаа ах нартайгаа нийлээд “Ковид-19” гээд дуу гаргасан байгаа.
Gennie-гийн хувьд Монголоо дэлхийд таниулсан цөөхөн рэпперүүдийн нэг гэж би боддог л доо. Монголын хип хопын тухай Австралийн кино баг баримтат кино хийсэн шүү дээ. Тэр баримтат киноны нэг дүр нь та байсан. Мөн Францад бас нэг хөгжмийн фестивальд оролцож байсан. Энэ яг ямар учиртай арга хэмжээнүүд байсан юм бэ?
Австрали, Испанийн хэсэг нөхөд нийлж хийсэн баримтат кино. Тэд 2005, 2006 оноос Монголын хип хопыг судлаад, жил бүр ирж хип хоп сонирхдог хүмүүсээс ярилцлага авч байсан. Тэгээд дараа нь дүрүүдээ сонгосон байдаг. Уг кинонд би, Gee ах, Quiza ах бид 3 голлож гардаг шүү дээ. Тэр кино олон жилийн хугацаанд хийгдсэн байдаг. Кино ерөнхийдөө орчин цагийн хөгжим Монголын нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг харуулдаг. Монголын тухайн үеийн нийгмийн өнгө аяс, залуусын харах өнцөг гэх мэт олон талыг харуулсан их гоё кино л доо. Энэ киноны ачаар би маш олон олон улсын хип хоп фестивальд оролцсон. Тэрний нэг нь Францад болсон “Хос аяс” фестиваль.
Тэр кино чинь бараг арваад жилийн өмнөх кино. Одоо үзвэл маш сонирхолтой байх бизээ. Тэр киноноос тухайн үеийн залуусын үзэл бодол, нийгмийн байдал зэргийг харж болох нь ээ?
Тийм ээ. Бас Монголын хип хопыг бөөгийн шашинтай, язгуур урлагтай холбож тайлбарладаг, би ч санал нийлдэг. Бид нар Хятад, Орос гэсэн хоёр хөршөөсөө түрүүлж хип хоп урлагийг хүлээж аваад эхлүүлчихсэн гэж боддог. Анхдагч ах нарыг реп хийж байхад би лав Орос, Хятадын хип хоп сайн гэж сонсож байгаагүй. Ер нь Монголын язгуур урлагт хип хопын ерөнхий таван элемент байдаг нь анзаарагддаг.
Өөрийн тань уран бүтээлд “Дайн ба Энх” хамтлагийн Мсит агсан салшгүй холбоотой байх. Тиймээс ч энэ хүнийг дурсаж ярих нь зөв байх?
Анх харахад маш энгийн хэрнээ цаанаа л нэг тийм эгэлгүй хүн байсан даа. Би маш их хүндэлдэг байсан. Тайванаа ах маань хэлдэг байсан л даа: “Та нар бол ирээдүйгээс ирсэн хүмүүс. Тийм учраас би яараагүй байхад дүү нар юунд яарах вэ дээ. Та нар энэ цагийн хүмүүс. Хүмүүс яваандаа та нарыг бага багаар ойлгож эхлэх болно оо” гэж хэлж байсан. Тухайн үед надад уран бүтээлийн хувьд блоконд орсон үе байсан. Шинэ юм хийе гэсэн ч шинэ санаа гарахгүй. Хийж байгаа зүйл маань утга учиргүй ч юм шиг явж байх үед ах маань ингэж хүч өгсөн үгийг хэлж байсан. Хэдий ах маань миний продюсер байсан ч намайг өөрөөр минь хөгжүүлсэн. 2010 онд Францын “Хос аяс” фестивальд анх явахад Тайванаа ах маань “Чи Монголын хип хопоос хамгийн анхны удаа дэлхийн тайз руу явж байгаа шүү” гэж надад урмын үг хэлж байсан. Бас Монголын гэрэл зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог.
Монголд эмэгтэй МС цөөхөн байдаг. МонТаРеп хамтлагт байсан н.Ариунаа, NMN, Mrs.M, Gennie гээд гарын таван хуруунд багтах эмэгтэй репперүүд байна шүү дээ. Учир нь юунд байдаг юм бол оо?
Эмэгтэй хүн реп хийхэд багагүй бэрхшээл тулгардаг юм шиг байна.
2020 он болон 2000 он хоёрын хооронд асар их ялгаатай л даа. Анх Монголд хип хоп орж ирж байхад өргөн өмд өмссөн, хип хоп хийж байгаа залуусыг ерөнхийдөө танхай, бүдүүлэг, золбин гэх мэтчилэнгээр томчууд хүлээж авдаг байсан. Тэгээд манай “том толгойтнууд” л зориглож эхлүүлсэн юм шүү дээ. Аав, ээжийнхээ үгнээс гардаггүй нь зүгээр л сонсогч, хип хоп хийхээс бараг айдаг л байсан. Би бол “том толгойтнуудын” л нэг байсан. Би чинь өвөө эмээ дээрээ өссөн. Арван жилдээ гайгүй сурлагатай хүүхэд байсан. Хүмүүс намайг хип хоп хийдгийг мэддэггүй байсан. Тэгээд нууцаар гэрийн даалгавраа хийж байхдаа дуу, шүлэг сонсоод эсвэл дуртай дуунуудынхаа үгийг кассетнаас хуулаад биччихдэг байлаа шүү дээ. Тэр болгон маань дадлага, практик болсон. Тэр хугацаанд би дандаа хөвгүүдтэй нийлж дуулдаг байсан. Тухайн үед эмэгтэй реппер цөөхөн байсан тул янз бүрийн хамтлаг урьж, уран бүтээлийн санал санал тавьдаг байсан. Тэр болгонд би зөвшөөрдөг байлаа. Сөрөг хандлагууд бас ирнэ шүү дээ. Чи хүн болгонтой дуулаад яваад байх юм. Өөрийнхөө үнэ цэнийг бод гээд л. Би яагаад зөвшөөрдөг байсан бэ гэхээр Тайванаа ах (MCIT) бас дэмждэг байсан юм. Янз бүрийн үзэл бодол, хэв маягтай хүмүүстэй хамтарч уран бүтээл хийх тоолондоо тэд нараас авах юмаа аваад өөрийнхөө стилийг бас тодорхой хэмжээгээр нэмдэг. Мэдээж тэр хүмүүс намайг дуундаа урьж байна гэдэг чинь намайг бас гоё үнэлж байгаа хүндлэл. Дээрээс нь намайг орвол дуу нь гоё болно гэж бодсон ч юм уу, тиймээ. Тэр бас гоё үнэлэмж, хүндлэл болохоор зөвшөөрдөг байсан. Тухайн үед эмэгтэй хүн хип хоп хийнэ гэхээр төсөөлөгддөггүй байсан. Би яахав багаасаа эршүүд, эрэгтэй найз нартай байсан болохоор нэг их гадуурхагдаж байгаагүй ээ. Гэхдээ эргээд харахад энэ зүйлүүдийг өдий хүртэл хийхийн тулд тодорхой хэмжээнд маш олон золиосыг гаргасан. Тухайн үед золиос гарна гэж бодоогүй. Тэгээд яалт ч үгүй нэг юмандаа тууштай явсан даа.
Хип хопыг ойлгодоггүй цаг үед, нийгэмд, тэр тусмаа эмэгтэй хүн зориг гаргаад, хүсэл тэмүүлэл, мөрөөдөлдөө үнэнч байсны хүчинд өнөөдөр Монголын хип хопын топ эмэгтэй реппер болоод явж байна шүү дээ. Үүнээс гадна танай эмээ урлагийн хүн байсан. Гэр бүлийн зүгээс өөрийг тань дэмждэг байсан болов уу?
Эмээ минь ардын дуучин, өвөө минь бичиг цаасны хүн байсан. Өвөө минь хэдийгээр хип хопыг ойлгодоггүй, орчин үеийн урлагийг эсэргүүцдэг хүний нэг байсан ч гэсэн намайг хүмүүжүүлж, оюуныг минь тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Бид хоёр чөлөөт цагаараа шатар тоглож, үгийн сүлжээ бөглөж, хамтдаа ном уншдаг байлаа.
Миний шүлэг бичих бэлтгэл, суурийг тавьсан хүн бол миний өвөө. Эмээ шигээ гоё дуулж чадахгүй ч гэсэн сонсгол, мэдрэмжийг нь өвлөсөн байх гэж боддог.
Манай аавын ээж бас дуучин хүн байсан. Ер нь урлагийн удамтай ч харамсалтай нь гоё хоолой заяагаагүй (инээв).
Та өвөөгөөсөө бичих, эмээ нараасаа дуулах урлагийн мэдрэмжийг өвлөөд Gennie гэсэн цогц уран бүтээлч гарч ирсэн юм байна шүү дээ?
Тийм л юм шиг байна (инээв).
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Өөрийн тань реп нэр Суу билиг гэсэн үгнээс үүсэлтэй юм билээ. Таны уран бүтээлүүд Монголын хип хоп ертөнцөд суу алдраа мандуулах болтугай. Дэлхийн тавцанд гарах болтугай. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баярлалаа, Sonin.mn-ы хамт олонд болон уншигчдад нь сайн сайхныг хүсье.
Ч.Явуухүү