1933 оны 8 дугаар сард Хятадын Харбин хотын Нань Гань тойрогт “Хижгээс сэргийлж, ус түгээх Квантуны анги” гэх нэртэй сонирхолтой ангийг Японы эзэн хааны зарлигаар Широ Иши гэх захирагчтайгаар байгуулсан байдаг. Гэвч бодит байдал дээр уг анги нь хижгээс сэргийлэх анги бус бүхий л төрлийн бактериологийн зэвсгийг турших туршилтын байгууламж байлаа.
Хамгийн аймшигтай нь бүх туршилтууд зөвхөн амьд хүмүүс байсан юм. Тухайн үед Харбин хотын Орос болон Хятад хүмүүс үе үе сураггүй алга болж, Квантуны анги руу явсан гэхээс өөр сураг дуулддаггүй байв. Харин Квантуны анги гэх 4 давхар саарал байшинд орсон нэг ч хүн буцаж амьд гарч ирдэггүйг хүмүүс сайн мэдэж байлаа.
Тэгвэл тэр байшин дотор чухам юу болдог байсан нь дайны дараа Харбиныг Зөвлөлтүүд чөлөөлж өгсний дараа л бүх аймшигт үнэн бүрэн илэрсэн юм.Хижгээс хамгаалах анги нь Квантуны армийн 731 дүгээр анги буюу үхлийн анги гэх нэрээрээ дэлхий даяар нэгэнт алдаршжээ. Тэнд Японы эрдэмтэд амьд хүмүүс дээр удахгүй болох томоохон дайнд зориулан химийн зэвсэг гаргаж авах аргаар туршилт хийдэг байж.
Жишээлбэл гэдэсний хижиг өвчинтэй олон мянган бөөснүүдийг шилэн хоргонд хийж байгаад агаараас бөмбөгддөг байж. Доор байгаа хоригдлууд нь бүгд шалдан бөгөөд хүлээстэй байх аж. Ийнхүү онгоц бөмбөгдөж, олон мянган тахал тээсэн бөөснүүд нэгэн зэрэг эдгээр хүмүүсийг оносны дараа хоригдлуудын хүлээсийг тайлж, тусгаарлах өрөөнүүдэд оруулдаг байлаа. Тэд ихэнхдээ 2-3 хоногийн дотор юу ч үгүй хорчийж, амьдаараа бөөсөнд идүүлж үхдэг байжээ. Японы армийнхан тэднийг үхүүлэхийг ердөө хүлээгээд л зогсдог байсан юм. Тэд хэдий хурдан үхнэ төдий чинээ тэдний ажил сайн байсан гэж хэлж болно.
Түүнчлэн удахгүй Монголыг эзэлж, Зөвлөлттэй тулалдах төлөвлөгөөтэй байсан бөгөөд тэдний хувьд тус нутгийн өвөл маш хүндээр тусна гэдгийг сайн мэдэж байлаа. Иймд Орос болон Хятад, Өвөр Монгол хүмүүсийг 731 дүгээр ангид аваачиж хүчээр хөлдөөх туршилтад оруулдаг байжээ. Тэдний гарыг хөлдөөсний дараа алхаар хүчтэй цохин бутлан хугалж, хүмүүсийг тамладаг байв. Хятад хүн болон хүйтэнд тэсвэртэй Монгол хүн, Сибириэс ирсэн Орос хүмүүсийн хүйтэнд үзүүлэх хариу үйлдлүүдийг анхааралтай харьцуулдаг байж л дээ.
Япончуудын удаан хугацаанд хийсэн туршилтууд эхнээсээ амжилтад хүрч хүмүүсийг хэдхэн өдрийн дотор үхүүлж чадах гэдэсний нянгуудыг бөөгнүүлэн тусгай салаанууд хүн ам олноор суурьшсан газруудад туршилт хийсэн байдаг.
Үүндээ тэд Өвөр Монгол болон Манжуур, Оросын зарим голын эхэд вирус асгаж хүн амыг олноор нь тахалд нэрвэгдүүлэх үйл ажиллагаа хийж байлаа. Түүнчлэн 1939 онд Японы 731 дүгээр ангиас 14 амиа золиослогч цэрэг ирж, Халхын голд бактериологийн зэвсэг цутгаж байсныг Монгол болон Зөвлөлтийн цэргүүд олж мэдэн чанд нууцалсан баримт өнөөдөр нэгэнт ил болжээ.
Сүүлийн жилүүдэд, ялангуяа өнгөрсөн 27 жилийн турш бидний түүхийг төрөл бүрээр үгүйсгэж, харлуулах зохион байгуулалттай хүмүүсийн тархи угаалт идэвхижсэн нь харамсалтай. Гэвч үнэн зүйл үнэнээрээ байх ёстой. Зарим хүмүүс Халхын голын дайныг Япон болон ЗХУ-ын дайн, Монгол хамаагүй байсан мэтээр ярьдаг. Бодит байдал дээр Оросын стратегийн гол хамгаалалт Монгол байсан нь үнэн. Тиймдээ ч Зөвлөлтийн арми Монгол Улсад нэвтрэн орж, Халхын голын цэргийн нэгдэлтэй баатарлагаар тулалдсан түүхтэй. Хэрэв Оросууд ялагдсан бол Хятадуудад яг ямар туршилт хийдэг байсан яг түүн шиг туршилтуудыг цөөхөн хэдэн Монгол үндэстэн дээр хийсээр Монгол үндэстэн устах аюулд өртөх байлаа.
Өөрөөр хэлбэл Монголчууд бүгд гуалин болж дуусах ирээдүй угтаж байсан. Учир нь тухайн үед нацист, милитарист үзэлтнүүдийн дэглэм нь 100 хувь арьс өнгөний үзэл дээр тулгуурлаж байсан бөгөөд зөвхөн бусад хүмүүсийг өөрсдөөс нь өөр буюу өөр улсад, өөр хэл соёлтой, өөр үндэстэн болж төрснийх нь төлөө үзэн ядаж, алдаг тийм л цаг үе байв. ЗХУ-ын баатарлаг ард түмэн, хүчирхэг улаан арми манай улсыг ашигласан явдал бол огт байхгүй. Ялангуяа биднийг дарамталж, өөрсдийн бодлогоор байлган колони болгосон гэвэл бүр ч том эндүүрэл.
Хэлмэгдүүлэлтийн хувьд тухайн үед дэлхий нийтээр, дэлхийн нэг хагас нь тэр чигтээ хэлмэгдүүлэлтэд өртсөн. Энэ бол тухайн цаг үеийн эргүүлэг байсан гэвэл илүү зохино. Дэлхийн тавцангаас Монгол хүн устаж байсан хүнд цаг үед тэд орж ирэн хүмүүсийг нь эмчилж, хүүхдүүдийг нь сургаж, бичиг үсэгтэй болгож, танк, онгоц, ардын армитай болгож, соёлын төв, хүүхдийн парк, соёл боловсрол, орон сууц, хөдөө аж ахуй, эмнэлэг, үйлдвэрлэл гээд бүхий л салбарт асар их хөрөнгө мөнгө зарж, Монгол Улсыг үндсээр нь босгож, нүүдэлчин Монголын хүүг сансрын уудамд нисгэсэн түүхтэй. Колончлох гэсэн орноо ингэж хөгжүүлдэг гэж үү? 200 жил Манжийн колони байхад тэд бидэнд ганц сургууль барьж өгсөн гэж үү?
Сүүлийн жилүүдэд өнгөрсөн түүхийг булзайруулж, дэндүү бүдүүлэг тархи угаалтууд хэрээс хэтэрсэн тул энэ бүхнийг зориуд цохон тэмдэглэсэн болно.
“Их буяны хариуд хар нүгэл хийвээс халуун нурманд шатах буй за” В.Инжинаш.